Тамирчин хүү Ц.Гэрэлт-Од хилийн чанадаас анхны тэтгэлэгээ хүлээн авлаа

Орон нутагт | Дундговь
erdenechimeg@montsame.mn
2018-01-17 17:06:48
Дундговь /МОНЦАМЭ/ БНХАУ-ын Шинжаан Уйгарын Бортал хотод амьдардаг Цахар Бүргэд гэдэг залуу  “Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо“ НҮТББ \Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага\-ын саналыг дэмжин Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч, Таеквондогийн спортоор аймгийн аваргын хошой алтан медальт, улсын аваргын хүрэл медальт Цогтгэрэлийн Гэрэлт-Одыг 18 нас хүртэл сар бүр 100000 төгрөгийн тэтгэлэг олгохоо мэдэгдсэн юм.
Ц.Гэрэлт-Одын багш аймгийн БТСГ-ын дасгалууулагч , таеквондогийн секцийн багш Ц.Отгончулуун: "Эзнээ олсон тэтгэлэг байна. Миний энэ шавь зардлын хүрэлцээнээс болоод улс, бүсийн зарим тэмцээнд оролцоход нь бэрхшээлтэй байсан. Энэ спортоор хичээллэдэг бусад хүүхдэд ч дасгал, сургуулиа тасалдалгүй хийж амжилт гаргах юм бол шагнал, тэтгэлэг ч ирдэг юм байна гэсэн сайхан үлгэр дууриал боллоо. Шавиасаа илүү би ч баярлаж байна" гэлээ. Тамирчин сурагч Ц.Гэрэлт-Од: "Ийм тэтгэмж олгох болсныг ээж сонсоод шууд л миний нэр дээр данс нээж хуримтлуулаад тэмцээн уралдаанд явахад нь зориулна гэсэн. Баярлаж байна. Манайхан бүгд энэ баяр талархлаа тэр буянтай хүнд хүргэх аргаа олохгүй л байгаа" гэлээ.
С.Пүрэвсүрэн
 
Холбоотой мэдээ