top banner

НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийг мэдээллээ баталгаажуулахыг анхааруулав


2018-01-17 11:06:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтод хамрагдах иргэдийг энэ сарын 22-ноос өмнө www.ebarimt.mn цахим хуудсан дахь мэдээллээ бүрэн оруулахыг Татварын ерөнхий газраас анхааруулав.

ТЕГ-аас НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг энэ сарын 22-нд Сангийн яаманд хүргүүлэх юм. Харин Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу шилжүүлнэ.

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвөөс ирүүлсэн мэдээллээр www.ebarimt.mn цахим хуудсанд 655 мянга 245 хэрэглэгч бүртгэлтэй байгаагаас 22 мянга 192 нь мэдээллээ дутуу болон алдаатай бөглөсөн байна. Дээрх алдаагаа энэ сарын 22-ноос өмнө засварлахгүй бол 20 хувийн буцаан олголтод хамрагдах боломжгүй юм. Тиймээс иргэдийг www.ebarimt.mn цахим хуудсан дахь өөрийн хаягаараа нэвтрэн “Данс тохируулах” хэсгээс овог, нэр, регистрийн дугаар, имэйл хаяг болон харилцагч банк, дансны дугаар зэргээ үнэн зөв бөглөн баталгаажуулахыг анхаарууллаа.

Ч.Ариунболд

Монгол брэнд