top banner

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид гарын үсэг цуглуулж байна


2018-01-16 16:42:41
Зураг
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий хороо Ерөнхийлөгчийн 2018 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авч дууслаа. 
 Ирэх 3 дугаар сарын 18-ны өдөр болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч 2,  улс төрийн намаас 18 нэр дэвшигч буюу нийт 20 нэр дэвшигч өрсөлдөхөөр СЕХ-д хүсэлтээ хүргүүлжээ.
Гэвч нэр дэвшигчийн тоо өөрчлөгдөж болзошгүй. Учир нь СЕХ нэр дэвшигчийн бичиг баримтыг шалган, зөрчилгүй тохиолдолд албан ёсоор бүртгэх юм.
 Үүнээс гадна бие даан нэр дэвшигч 300 мянган сонгогчийн гарын үсэг, парламентад суудалгүй намаас нэр дэвшигч 100 мянган сонгогчийн гарын үсэг цуглуулах ёстой. Харин парламентад суудалтай намаас нэр дэвшигч ямар ч гарын үсэг цуглуулах шаардлагагүй юм.
 Энэ сарын 31-ний өдөр гэхэд нэр дэвшигчид цуглуулсан гарын үсэг болон өөрийн санхүүгийн тайлангаа баримт бичгийн хамт СЕХ-д хүргүүлэх ёстой. СЕХ нэр дэвшигчийн цуглуулсан гарын үсгийг болон бусад баримтыг шалгаж шаардлага хангасан нэр дэвшигчийг албан ёсоор зарлах юм. Ирэх сарын 10-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн нэрс тодорно.  
ОХУ-ын СЕХ-оос мэдэгдсэнээр нийт 111 сая 400 мянган саналын хуудас хэвлэх бөгөөд үүнээс 2 сая орчмыг хилийн чанад дахь санал хураах байруудад хуваарилах аж. Түүнчлэн сонгуулийн хуудас дээр нэр дэвшигчийн нэрс цагаан толгойн үсгийн дарааллаар байрлах юм байна.  
 Дашрамд дурдахад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд түүний сонгогчдын гарын үсэг цуглуулах ажил ОХУ даяар өрнөж байна. 
Л.Нандиа
 
 

Сурталчилгаа
Монгол брэнд