top banner

С.В.Лавров: Аливаа асуудлыг эмх замбараагүй байдал, сөргөлдөөнд хүргэхгүй байхын төлөө ажиллана


2018-01-16 16:28:09
Зураг
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Гадаад Хэргийн сайд С.В.Лавров энэ сарын 15-ны өдөр Хэвлэлийн бага хурал хийж ОХУ-ын 2017 онд хэрэгжүүлсэн дипломат үйл ажиллагаа болон дэлхий дахинд тулгамдсан асуудлаар гадаад, дотоодын сэтгүүлчидтэй ярилцлаа.
 
Хурлын эхэнд тэрбээр 2017 он ОХУ-ын гадаад бодлогын хувьд амаргүй жил байсныг дурдаад, Ойрхи Дорнод, Хойд Африк, тус улсын хөрш болох Украйн зэрэг дэлхийн олон газар байдал хүнд байсныг онцолсон юм.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын улс төрийн бодлогын талаар сэтгүүлч асуухад тэрбээр “Цагаан ордны тэргүүн хэн байхаас үл хамааран АНУ-ын улс төрийн бодлого америк хэв маягаар л үргэлжилнэ. АНУ болон түүний хамтрагчид урьдын адил хүчээр асуудлыг шийдэх гэж зүтгэж байна. Олон улсад болж буй асуудлыг цэргийн хүч ашиглан өөрсдийн дураар шийдэх гэж оролдож буй нь шударга өрсөлдөөнөөс айж буйг харуулж байна” хэмээв.
 
Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг зогсоох талаар хийсэн АНУ-ын сүүлийн мэдэгдэл, Хойд Солонгос, Афганистаны асуудлыг мөн хүч хэрэглэн шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн нь асуудлын ирээдүйг бүрхэг болгож, бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан.
 
2017 онд ОХУ-ын ГХЯ юуны түрүүнд ОХУ-ын үндэсний эрх ашиг, түүний дотор иргэдийн болон бизнесийн ашиг сонирхлыг олон улсын тавцанд хамгаалах чиглэлээр чадах бүхнээ хийж, НҮБ-ын дүрэмд тусгагдсан олон улсын эрхзүй, олон улсын байгууллагуудын чадамжийг хамгаалан ажилласан хэмээн ОХУ-ын ГХЯ-ны сайд С.Лавров үзэж байна.
 
Тэрбээр “ОХУ дэлхийн хамтын нийгэмлэгт үнэнч байдал, шударга ёс, эрх тэгш, харилцан хүндэтгэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байж, Сирид гаргасан амжилтаа үргэлжлүүлэн терроризмтэй тэмцэнэ. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцсон яриа хэлэлцээг хадгалж, Израйль-Палестины асуудлыг хэвийн болгоход анхаарч, аливаа асуудлыг эмх замбараагүй байдал, сөргөлдөөнд хүргэхгүй байхын төлөө ажиллана” хэмээв.
Л.Нандиа
 
 

Сурталчилгаа
Монгол брэнд