top banner

Шүлхий гарсан сумд руу отор нүүдэл хийхгүй байхыг анхааруулав


2018-01-16 13:00:13
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн албанаас сумдын МЭҮТ-ийн мэргэжилтнүүд, хувийн МЭҮН-ийн малын эмч нар, малчид, мал бүхий иргэдэд хандан сэрэмжлүүлэг хүргэж байна.
Өвөрхангай аймагтай хил залгаа Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Өндөршил, Дэлгэрхангай суманд мал, амьтны гоц халдварт өвчин бүртгэгдэж, Булган аймгийн Рашаант суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илрээд байгаатай холбогдуулан дээрх сумдууд ба хил залгаа сумдуудад отор, нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, малаа байнгын хариулга хяналттай байлгах, Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд отроор өвөлжиж буй малчдад онцгойлон сэрэмжлүүлэг, мэдээллийг хүргэх, отор нүүдэл хийж байгаа айл өрхүүдийн судалгааг нарийвчлан гаргах талаар заавар зөвлөгөө хүргүүлээд байна.
Мөн хээрийн зэрлэг амьтад ялангуяа зээрээр дамжих эрсдэл өндөр байгаа тул мал сүргээ зэрлэг амьтны бэлчээрээс тусгаарлах, малдаа байнгын үзлэг ажиглалт хийж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд малын эмч болон сумын төрийн байгууллагад нэн даруй мэдээлэхийг малчдад анхаарууллаа.
Дашрамд дурдахад шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гоц халдварт өвчин бөгөөд улс орны нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг байна.
Б.Батчимэг

Сурталчилгаа
Монгол брэнд