Шатахуун импортлогчид: Монгол Улсын шатахууны үнийн зохицуулалт талцал бий болгож байна

Монголын мэдээ | Уул уурхай
ariunzaya@montsame.mn
2018-01-15 18:29:37
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Шатахууны бодит үнэ болон импортлогч компаниудын алдагдалтай байгаа гэсэн мэдээллийг нягтлах ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн  дэд сайд Д.Загджав өнөөдөр мэдэгдсэн. Тэгвэл шатахууны үнийн асуудлаар “Петровис” группийн маркетинг хариуцсан захирал Д.Батпүрэв болон “НИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат нар ийм байр суурьтай байна. 

Тэд ярихдаа, “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг үе шаттай нэмсэн. Энэхүү нэмэгдлээр тонн тутамд 190-280 мянган төгрөгийн татвар төлж байна. Ингэснээр шатахууны импортын үнэ 21-25 хувиар өслөө. Асуудлаа бид  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан ёсоор илэрхийлж, үнэ нэмэх зайлшгүй шаардлага үүсч буйг тайлбарласан. Салбарын яамнаас “2018 он гартал үнээ нэмэхгүй байх  чиглэл өгсний дагуу шатахуун импортлогчид хүлээцтэй хандсан. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөл гурван удаа хуралдах тов зарласан ч хувийн хэвшлүүдийн ирц бүрдсэн хэдий ч эхний хурлуудад төрийн төлөөллүүд  ирээгүй. Дараа нь арай гэж  ирц бүрдэхэд үнийн нэмэгдлийг 14 хоног судлахаар болсон. Бид энэ 14 хоногийн хугацаанд энгийн хэрэглээний шатахууны үнээ нэмэхгүй гэж хэлсний дагуу ханшийг барьж байгаа. Тодруулбал өргөн хэрэглээний А-92, А-80, дизель түлшний үнийг нэмээгүй. Одоогоор тансаг хэрэглээний буюу А-95, 98  шатахууны үнийг 110-150 төгрөгөөр нэмээд байгаа” хэмээв.



-Дэлхийн зах зээлд үнэ буурахад дотоодод шатахууны үнэ буудаггүй хэмээн иргэд гомдоллодог гэсэн асуултад тэд, ”Шатахууны үнийн 76 хувь нь импортын үнэ, 23 хувь нь  онцгой албан татвар, нэг хувь нь компаниудын үйл ажиллагааны зардал эзэлдэг. 2015 онд олон улсын зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурахад дотоодын импортлогчид литр тутамд 100 төгрөгөөр бууруулсан. Үүнээс илүү бууруулах боломж байсан ч онцгой албан татвар нэмэгдсэнийг та бүхэн санаж байгаа байх. Өөрөөр хэлбэл олон улсын зах зээл дээр буурсан үнийн зөрүүг Засгийн газар татвар нэрээр авсан гэсэн үг.  Монгол Улсын шатахууны үнийн зохицуулалт талцал бий болгож байна. Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч, Засгийн газраас онцгой албан татвараа авах болсон. “Шатахууны  татвар, импортын үнэ, ханшийн зөрүүнээс хамаарч зах зээлийн үнэ тогтдог. Сүүлийн жилүүдэд ханшийн зөрүү ихээр үүссэний зэрэгцээ импортын үнэ нэмэгдэх төлөв гарч байна. Тиймээс үнэ нэмэх зайлшгүй шаардлага үүслээ. Үүнийгээ ч бид салбарын яаманд уламжилсаар ирсэн. Татварын нэмэгдэл нь үнэ өсөх бодит нөхцлийг бүрдүүлэв. Төрөөс бодлогын ямар арга хэмжээ авахыг харзнаж байна” гэсэн юм.

Харин ШТС-ууд АИ-92 бензин олгохгүй, засвартай болон нөөц дууссан гэсэн тайлбар өгч байсан тухайд, "Зарим ШТС-уудад засвар хийж байгаа. Шатахууны огцом эрэлттэй холбоотой АИ-92 бензиний нөөц зарим ШТС-дад дуусч байгаа нь үнэн. Зөрчлийн тухай хуулиар хадгалах хангамжийн баазаас өдрийн цагаар тээвэрлэлт хийх боломжгүй болсон учир шөнийн цагаар ШТС-ууд цэнэглэлт хийж байгаа. Үүнээс болж нөөцийн асуудалд хүндрэл үүссэн тал бий. Түүнээс бус зохиомол хомсдол үүсгээгүй.  Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр шатахууны нөөц 30 гаруй хоног байсан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр борлуулалт огцом өссөн учир  импортлогчдын зүгээс нөөцийг тасалдуулахгүй байхад анхаарч байна хэмээн мэдэгдлээ.



ШӨХТГ: ЗАРИМ НЕФТЬ ИМПОРТЛОГЧДОД ЗӨРЧЛИЙН ХЭРГҮҮД ҮҮСГЭХ НӨХЦӨЛ ҮҮССЭН

Шатахуун импортлогчид ийм байр суурьтай байгаа бол ШӨХТГ-аас "Хэрэв хууль бусаар нэмсэн тохиолдолд өрсөлдөөний тухай хуулийн дагуу торгууль шийтгэл тавина. Шалтгалтын дүнгээс хамаарч ямар хариуцлага үүрүүлэх нь тодорхой болно хэмээн мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбиш, “ШӨХТГ захиргааны зөрчил шалган шийдвэрлэх эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд зарим нефть импортлогчдод зөрчлийн хэргүүд үүсгэх нөхцөл үүссэн. Үе, үеийн Засгийн газар шатахууны үнийн онцгой татварын хөнгөлөлт зээл тусламж зэрэг арга хэмжээг авсаар ирснийг иргэд мэдэж байгаа. Гэтэл импортлогчид эхнээсээ  үнээ нэмлээ. Үнээ буулгаж, хуучин үнээр борлуулах  шаардлагыг импортлогчдод тавьсан" гэв

Ийнхүү энэ долоо хоногийн халуун сэдэв болох шатахууны үнийн асуудалд талууд ийм тайлбар хийж байна.

Дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий нефть 69.8 ам.долларын ханштай байгаа юм. 2015 оны тавдугаар  сараас 2016 оны  наймдугаар сар хүртэл  нэг баррель түүхий нефть  дэлхийн зах зээл дээр 50 ам.долларын ханштай байв.

Б.Заяа
 
Холбоотой мэдээ