top banner

АИХ-ын дөрвөн депутатыг төрийн одон медалиар шагнав


2018-01-13 13:43:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан Үндсэн хууль баталсаны  26 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, Үндсэн хууль батлахад оролцсон Ардын их хурлын дөрвөн депутатыг төрийн одон медалиар шагналаа.
 
Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч цолоор А.Бааст, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Лонжидсүрэн, Р.Чойжинням, Л.Батчулуун нарыг шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулав.
Энэ үеэр УИХ-ын дарга, “Одоогоос 26 жилийн өмнө Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэн байж ард түмнийхээ санал бодлыг тусгасан Үндсэн хуулиа баталсан. Энэ хуулийн хүрээнд олон арван хууль батлагдаж өнөөгийн нийгмийн амьдралыг зохицуулж байна. Үндсэн хуулийг тогтоосон улстөрч, нийгмийн зүтгэлтнүүдийг үе үеийн төр засаг харж хандаж байх ёстой юм. Та бүхний өнөөдрийн шагнал булган сүүлтэй байх болтугай” гэв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд