top banner

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ой тохиож байна


2018-01-13 08:17:47
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдүгээгээс 26 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаас шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталжээ.

1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлсэн.  Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч, Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн байна. Үүний дараагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, туршлагаа дайчлан хэлэлцэж, шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Үндсэн иргэн бүрийн өмчлөх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийн удирдах хэрэгт оролцох боломжийг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг бий болгосон. Мөн хувийн өмчийг хамгаалах хөшүүргийг баталгаажуулснаар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөний үндсийг тавьснаараа түүхэн ач холбогдолтой юм.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын Тамгын газраас хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, 11.40 цагт Төрийн ордонд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол, хууль зүйн салбарт ажил үйлсээрээ тэргүүлсэн зарим иргэнд төрийн дээд шагнал гардуулна. Мөн 12.00 цагт төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
Түүнчлэн 14.00 цагт Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд