top banner
Шуурхай мэдээ

Ё.Баатарбилэг: Зуух тараах шаардлагагүй, харин сайжруулсан түлш бэлтгэх хэрэгтэй


2018-01-12 18:25:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж баталсан. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан “УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа юм.

-Агаарын бохирдол, утаатай тэмцэх асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Өнөөдөр гэхэд Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ хуульд орсон гол өөрчлөлт, зохицуулалт юу байв?
-Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар УИХ-аас 12 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарч ажиллаа эхлүүлээд байгаа. Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш хэд хэдэн удаа хуралдаад, УИХ-аас тогтоол гаргах нь зүйтэй юм байна гэдэгт санал нэгдсэн. Энэ дагуу нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын тогтоол гарсан. Тогтоолд ард иргэдийн яриад байгаа, нийгэмд бухимдал үүсгээд байгаа, мөн Ерөнхийлөгчөөс хүртэл тавиад байгаа маш олон асуудлыг цогцоор нь тусгасан. Албажаад өнөөдрөөс гарна. Тогтоолын зүйл заалт болгонд хугацаа заасан, маш тодорхой шийдлүүдийг Засгийн газарт шийдэл болгосон байгаа. Тогтоол батлагдсантай холбоотойгоор өнөөдөр УИХ Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж, тодорхой бараа бүтээгдхүүнүүдийг гаалийн болон, НӨАТ-аас чөлөөлөх боллоо. Агаарын бохирдолтой байгаа өнөөдрийн нөхцөлд нэгдүгээрт нэн даруй агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал яригдана. Энэ хүрээнд сургууль цэцэрлэгүүдэд тавих агаар цэвэршүүлэгч, цахилгаан халаалтын зуух зэрэг зүйлсийг НӨАТ болон гаалиас чөлөөлөхөөр болж байна.

-Өмнө нь олон удаа зуух тарааж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Гэтэл одоо дахиад утаагүй зуух тараах асуудалд яригдаж байгааг иргэд ихээхэн шүүмжилж байна. Энэ ямар учиртай юм бэ? Дахин зуух тараах зайлшгүй шаардлагатай юу?
-Тэгэхээр УИХ-аас гаргасан тогтоолд нэн даруй авах арга хэмжээнүүд, хуулийн төсөл юу байна энэ бүгдийн Намрын чуулгандаа багтаагаад өргөн барихаар тусгасан. Хоёрдугаарт энэ жил яг юу хийх вэ гэдэг шийдлийг тогтооно. Дүүргүүдэд зуух тараана гэж яриад байгаа. Гэхдээ зуух тараах нь тийм бодитой шийдэл мөн юм уу, биш юм уу. Айл болгон зуухтай. Маш цөөхөн хэсэг нь цахилгаан халаагуур хэрэглэж байгаа энэ үед зуух тараах ямар ч шаардлагагүй. Харин зууханд нь таарсан сайжруулсан түлшийг нь бэлдэж зах зээл дээр гаргах хэрэгтэй. Иргэдэд өөр түлэх юм байхгүй юм чинь нүүрсээ л түлнэ. Түүхий нүүрсийг хамгийн наад зах нь 500-600 градуст боловсруулаад сайжруулсан, утаагүй түлш нь гардаг юм байна. Засгийн газраас энэ хавартаа багтаад сайжруулсан түлшний үйлдвэрүүдийг маш олноор байгуулж, хөрөнгө оруулалт хийгээд татварын бодлого, зээлээр дэмжчихмээр л санагдаж байна. Засгийн газарт энэ талаар чиглэл өгсөн. Намар болтол сайжруулсан түлшээ бэлтгэчих юм бол Улаанбаатар руу орох түүхий нүүрсийг нь хорих хэрэгтэй. Түлэх түлш нь бэлэн байхад түүхий нүүрс түлээд, хар утаа баагиулаад байвал тэдгээр иргэд, аж ахуй нэгжтэй хариуцлага ярьж болно. Одоо Онц байдал зарлаад яах юм. 2019 оноос түүхий нүүрсээр ажилладаг зуухнуудыг хаах талаар чиглэл өгсөн. Наана нь технологиийн шинэчлэл хийнэ.

-Цахилгаан халаагуур, технологийн тухайд хэр бодитой шийдэл болж чадах вэ?
-Цахилгаан халаагуурын шийдлийг судлах, нэвтрүүлэх шаардлагатай ч нэг, хоёр жилдээ бүх айлыг цахилгаанаар халаах боломжгүй. Цахилгаан зуухных нь өртөг дунджаар 1-1.5 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр тийм хэмжээний өртөг төлж халаагуур аваад тавих айл хэд билээ. Халаалтын өртөг нь ч хэд гарах юм билээ. Ингэхээр айл өрхийн нүүрс худалдан авдаг өртгөөс хэт давчихаад, тэр бүр авч хэрэглэж чадахгүй байна. Боломжтой хүмүүс нь авч болно. Мэдээж тэр шийдэл нь байж байна. Өөр дизелээр, шатахуунаар, шингэрүүлсэн түлшээр, хийгээр ажилладаг технологиуд нэвтэрч л байг. Мөн Улаанбаатарт байгаа 30 мянган айлын орон сууцанд айл өрхүүдийг газрыг нь аваад оруулж болно. Гол нь тэр айл газраа төрд өгч, өөр айл буулгахгүй байх хэрэгтэй.

-Дагуул хотууд болон их, дээд сургуулиудын хотхоныг хотоос гаргах тухай их яригдаж байна. Энэ хэр бодит үр дүнтэй байж чадах вэ?
-Их, дээд сургууль утаанд ямар гай болсон юм гэж бодож байгаа байх. Улаанбаатар хотод 170 гаруй мянган оюутан байгаагаас төрийн өмчийн их, дээд сургуульд 87 мянган оюутан сурдаг. Энэ 87 мянган оюутны 50-иад мянган оюутан нь орон нутгаас ирж суралцаж байна. Эдгээр оюутнаас 12 мянга нь оюутны байранд амьдардаг. Үлдсэн 40 мянган оюутан бүгд орон сууцанд, айлын хажуу өрөө түрээслэхгүй шүү дээ. 20-30 мянган оюутан нь гэр хороололд амьдардаг. Төрийн өмчит их дээд сургуулийн 4000 багш, ажилтан байна. Тэгэхээр багш, оюутны амьдрах болон хичээллэх байр, орчин нөхцлийг шийдээд хотоос гаргаад, Их дээд сургуулийн хот байгуулж болно. Үүнийг дагаад худалдаа үйлчилгээний газрууд бий болно. Усан сан, бассейн, номын сан, дэлгүүр хоршоо бүх юм нь төвлөрнө. Энэ асуудлыг ч тогтоолд тусгасан.
Өнөөдөр гэхэд их, дээд сургууль, ЕБС-иуд амарчихсан болохоор замын хөдөлгөөн ч чөлөөтэй байгааг хэн хүнгүй харж байгаа байх. Тэгвэл 2018-2019 оны хичээлийн жилийн хичээллэх хуваарийг эртхэн гаргаад Засгийн газраар шийдүүлж болно шүү дээ. Яагаад 12-дугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын хооронд амарч болохгүй гэж. Зургадугаар сарын 1-нд тардаг байсан бол долдугаар сарын 1-нд амраачих. Ийм гаргалгаа шийдэл, боломжуудыг судлах хэрэгтэй. Засгийн газарт сэтгэл зүтгэл байвал энэ тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Утааны асуудал бол бүх нийтийн асуудал. УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын танхимын гээд бүгдийнх нь асуудал. Ерөнхийлөгч өөрөө ч Засгийн газарт 2-3 удаа ажилласан хүн байж утаагаа бууруулахгүй бол УИХ-ыг тараана гэж ярьж болохгүй. Сүүлийн хэдэн жил утааг хангалттай ярьсан. Энэ асуудлыг улстөржүүлж болохгүй. Зөв бодлого гаргах хэрэгтэй. Магадгүй алдаа гарах гээд байвал тал талаасаа ярилцаж шийдвэрлэх нь зөв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч энэ асуудлыг улс төржүүлэхгүйгээр, зөв мэдээллээр хангах нь чухал байгаа. 

-Агаарын тухай хуулийн хэрэгжих хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ гэж оруулсан нь зарим хүмүүст эргэлзээ төрүүлсэн. Үүнд тайлбар өгөөч?
-Импортын татвараас чөлөөлөх тухай тусгасан хэсэг нь энэ сарын 20-ноос хэрэгжээд эхэлчихнэ. Харин Агаарын бохирдлын эсрэг санг байгуулахад улсын төсвөөс нэг хэсэг нь бүрдэх учир 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гэж оруулсан юм. Сангаа бол байгуулчихсан. Гадна дотноос хөрөнгө оруулалт орж ирвэл ямарч асуудалгүй.

-Гэхдээ өмнө нь Цэвэр агаар сан гэж байгуулаад дараа нь хөрөнгө мөнгө завшсан гэсэн багагүй асуудал дагуулсан. Өнөөдөр байгуулж байгаа энэ сан ийм асуудалд өртөхгүй гэх баталгаа нь юу байна вэ?
-Өмнөх Цэвэр агаарын сантай холбоотойгоор иргэдэд маш их хардлага байгаа. Баахан зүйл үнэгүй тараах гэж байна, мөнгө идэж уух гэж байна гэх мэтээр. Тэгэхээр УИХ-аас гаргасан тогтоолд нэг зүйл тусгаж өгсөн нь хариуцлагын тогтолцоо. Тодорхой хариуцсан бүтцийг бий болгох асуудлыг судлахаар тусгаж өгсөн. Авлигатай тэмцэх газар гэдэг шиг Утаатай тэмцэх газар гэсэн агентлаг байгуулж яагаад болохгүй гэж. Дараа нь тэр хүмүүс хариуцдаг байх хэрэгтэй. Хариуцах эзэн субъектгүй болохоор л энэ олон жил үр дүн муутай байж, ганц Цэвэр агаар сан гэсэн хэсэг хүмүүс хамаг асуудлыг үүрч, шийдвэр гаргасан хүмүүсээс хэн нь хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн. Тиймээс хариуцлагыг одоо эзэнжүүлнэ. Дээрээс нь утааны асуудлаар өнөөдрийг хүртэл гаргасан бүх шийдвэрийн хэрэгжилтийг 2 дугаар сарын 1-нээс өмнө УИХ-д тайлагнах үүрэг өгсөн.  

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд