top banner
Шуурхай мэдээ

Төв банкны тухай хуулийг баталлаа


2018-01-12 13:20:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 69.1 хувийн саналаар баталлаа.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж, өнөөдөр эцэслэн баталж байна. Энэхүү хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Төв банк -Монголбанкны эрх зүйн байдлыг Монголбанкны бие даасан, хараат бус байдал, шийдвэр гаргах үйл явцыг олон улсын бусад төв банкуудад тогтсон шилдэг туршлага, зарчмыг баримтлан шинэчилсэн ач холбогдолтой хэмээн үзэж буй юм.

Уг хууль 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хууль хэрэгжиж эхэлснээр Монголбанкнаас гарах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкны хяналт шалгалтын шийдвэрийг хороогоор дамжуулан хэлэлцэж шийддэг байх хуулийн шаардлага бүрдэж, Монголбанкны зорилтод үл хамаарах төсвийн шинжтэй үйл ажиллагаа хязгаарлагдаж, Төв банк Засгийн газраас хараат бус байж, түүнтэй зөвхөн хуульд заасны дагуу харилцдаг байх зарчим хуулиар баталгаажиж байгаа аж. Мөн Монголбанкны бие даасан, хараат бус байдал нэмэгдэж, мөнгөний бодлого зөв зохистой боловсруулж, хэрэгжих хууль зүйн нөхцөл цаашлаад улсын макро эдийн засагт үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал хангагдаж эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжихэд хувь нэмэр болно хэмээн дүгнэж байгаа юм.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эдийн засгийн хямралтай холбоотой санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс Төв банкны хууль, Арилжааны банкуудын гол суурь хуулиудад өөрчлөлт орж байна. Төв банкны хуульд өөрчлөлт орсноор Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, хамтын шийдвэр гаргадаг дөрвөн зөвлөлтэй, нэг хороотой болгож байна. Төв банк арилжааны банкуудыг шалгаж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авдаг болж байна. Мөнгөний бодлогын шийдвэрийг Төв банк хамтаараа нийлж шийдвэр гаргадаг, ерөнхийлөгч нь эцэст баталгаажуулж гарын үсэг зурдаг болох юм. Нийгмийн шинжтэй төсөл хөтөлбөрт Монголбанк зээл олгож байсныг хориглож, зөвхөн арилжааны банк, Засгийн газарт шаардлагатай үед нь олгож байна. Ингэж байж хамтын удирдлагатай болж байгаа юм” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монголбанкны хуулийн үндсэн гол зорилтод Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн хуучин заалтыг хэвээр үлдээж байгаа. Эдийн засаг өнөөдөр шилжилтийн байдалтай, хямралтай байна. Энэ үед төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, цаашлаад инфляцийг хангах юм. Монголбанк Мөнгөний бодлогын хороо ерөнхийлөгчтэй зөвлөлдөж шийдвэр гаргадаг байсан бол одоо орсон өөрчлөлтөөр шууд шийдвэр гаргадаг болж байна. Хяналт шалгалтын хороо нь арилжааны банкуудтай харилцаж, банкны системийн үйл ажиллагааг хянах зорилттой юм" гэлээ.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төв банкны хуульд өөрчлөлт оруулсан зорилго нь олон улсын жишигт нийцсэн Төв банктай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх юм. Мөн Төв банкны засаглалыг сайжруулж, нэг хүний бус хамт олны шийдвэртэй болгож, Мөнгөний бодлогын зорилтууд, арга хэрэгслийг шинэчилж байна" гэв.  
Н.Гантуяа

Монгол брэнд