Арвайхээрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэг нээгдлээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-01-11 20:20:37
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай цэцэрлэг ирэх даваа гарагаас үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна.
Арвайхээр сумын нэгдүгээр багийн “Уян сэтгэл” Өрхийн эрүүл мэндийн төв байрлаж байсан нэг давхар байранд 11 дүгээр тусгай цэцэрлэг 30 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байгаа юм.
Энэ тухай мэдээллийг эцэг, эхчүүд бүрэн аваагүй тул цэцэрлэгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид руу утсаар холбогдон мэдэгдэж байгаа аж. Гэвч байршил хол, унаа тэрэггүй, хүүхдээ өөр хүний гарт өгч чадахгүй нь гэх байдлаар зарим эцэг эхчүүд татгалзжээ.
Арвайхээр суманд 0-5 насны 45 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 22 хүүхэд тус цэцэрлэгт бүртгүүлээд байгаа ба сургуулийн өмнөх боловсрол олгохоос гадна сэргээн засах физик эмчилгээнд хамруулах аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харъяалал харгалзахгүй, төлбөр хураамж нэхэхгүйгээр бүртгэн авах бөгөөд цаашид үйл ажиллагаагаа 19 сумын хэмжээнд өргөтгөх зорилго тавьжээ.
 Б.Батчимэг
Холбоотой мэдээ