top banner

Тамхи татах нь нуруу нугасны хүнд өвчин үүсгэдэг


2018-01-10 12:40:17
Зураг
СТОКГОЛЬМ. /ТАСС/. Тамхи татах нь нуруу нугасны ноцтой өвчин үүсч, даамжрахад хүргэдэг гэсэн дүгнэлтийг Шведийн “Умео” их сургуулийн эрдэмтэд хийжээ. 
 
Тамхи татах нь нугасны суваг нарийсах хүнд хэлбэрийн өвчин үүсэх гол шалтгаан  болдог ба ийм оноштой өвчтөнүүдийг зөвхөн мэс засал хийх замаар эмчлэх боломжтой гэж судалгааны багийн ахлагч Аркан Сайед-Нур ярьж байна.
 
Энэ өвчин нь нэлээд тархсан байдаг бөгөөд зоо нуруугаар өвдөх, хөл мэдээ алдах, алхахад түвэгтэй болох зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Шведийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, тамхи татдаг хүмүүс ийм өвчнөөр өвчлөх магадлал тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр байдаг ажээ. 
 
Судалгаанд 1987-2017 онд ажил эрхэлж байсан болон одоо эрхэлж байгаа Шведийн 332 мянган барилгачны эрүүл мэндийн талаарх мэдээллийг ашигласан байна. Эдгээр хүмүүсээс 1623 хүн /0,5 хувь/ нугас нарийсах өвчтэй байжээ. Өдөрт дор хаяж 15 ширхэг янжуур татдаг архаг тамхичдын хувьд нурууны өвчнөөр өвчлөх магадлал тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад 46 хувиар нэмэгддэг бол 15-аас цөөн тамхи татдаг хүмүүсийн хувьд 31 хувиар илүү байдаг аж.  
 
Судалгааны дүгнэлтийг үзвэл, никотин нь нугасны сувгийн цусан хангамжийг муутгаснаар суваг нарийсахад хүргэдэг байна. Ингэснээр нугасны хальс болон нугасны мэдрэлийн төгсгөлүүд дарагддаг ба үүнийг эмээр эмчлэх боломжгүй учир зөвхөн мэс засал хийхээс өөр аргагүйд хүрдэг байна.
 
 Э. Аянзаяа 
 

Сурталчилгаа
Монгол брэнд