top banner
Шуурхай мэдээ

Чи өөрөө л бэлэг


2018-01-09 11:24:26
Зураг

I.

"Балдорж” шагналын эзэн, “Гэрэг” сэтгүүл, UB LIFE сайтын эрхлэгч, сэтгүүлч Ж.Тэгшжаргалын 25 эсээ, тэмдэглэлээс бүрдсэн “25” ном оны өмнөхөн уншигчдад хүрч “Аз хур”, “Мажестик” зэрэг томоохон номын дэлгүүрийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад орсон билээ. Ийнхүү тус номоос үүдсэн тэмдэглэлийг уншигчдадаа толилуулж байна. 

“Залуу насыг минь бүтээлцсэн хүн бүхэнд зориулав” гэсэн эл өгүүлбэр сэтгүүлч Ж.Тэгшжаргалын “25” номны өмнөтгөл шиг санагдана. 25 нас хүртэлх цаг хугацааг хамт өрж бүтээлцсэн, санаандгүй гар барьж өнгөрөөд дахин тааралдаагүй ч байж мэдэх хүн бүрт зориулсан ном.

Бичвэрүүдийг эхлүүлэх үед том цагаан хуудасны голд “НУТАГ” гэсэн үг харагдана. Сэтгэлд хамгийн ойр байдаг үгсийн нэг. Гэхдээ би тус тэмдэглэлийг нь уншчихсан л даа. Нутгийнхаа уулс дунд сэтгүүлч Ж.Тэгшжаргал толин сартай хээр халтар зүсмийн морьтой давхиулж яваа зураг бүхий тус нийтлэл “UB.Life” сайтын “Авторын булан”-нд бий. 

“Алтайн уулстай хамт аавыгаа нэг дурслаа. Аав өөрөө уул болчихсон шиг санагдав. Буцаад ирэхэд авга ах маань тослоо. Инээсээр ирээд, үнсээд буулгав. Алтайн хөх харчуудын үггүй “яриа” ийм л байдаг даа.” /“Аавын үгүйд нутгаа зорьсон тэмдэглэл” Ж.Тэгшжаргал/

Өөрийн эрхгүй нулимс хацарт зам татуулах үест уулын орой дээр хойшоо харж суучихаад нэг их санаа алдасны дараа босоход тамир тэнхээ ороод, дотор онгойж түүгээр нь зөөлөн салхи үлээх шиг... Тийм л мэдрэмж дээрх өгүүлбэрийг унших бүрийд төрдөг. “Алтайн уулстай хамт аавыгаа нэг дурслаа”. Та уншаад үз л дээ, би лав эл өгүүлбэрийг уншиж дуусаад өөрийн эрхгүй нэг сайхан санаа алдаж байна. Тэгээд Хэнтийн өндөр уулстай хамт аавыгаа нэг дурсав. Уулс ч тэр, аав минь ч тэр аньсан нүдэн дотор тодоос тод харагдана.

II.

Юүдэнтэй цамц, чихэвчтэй хөгжмөөс салдаггүй, үеийнхэнтэйгээ тийм нийтэч бус олон нийтийн ажилд оролцдоггүй 12 настай жаалыг “Бөгтрөгтэй морьхон” л зугаацуулж чаддаг байлаа. Тийм л жаахан одой морьтой болохын тулд би арван таван толгойтой атгаалжин хар мангасын үүрэнд ороход ч бэлэн явсансан. Дээр нь энэ бүгд надад ид шид гэж огтхон ч бодогдож байсангүй. Бодит амьдрал, ид шид ч тэр адилхан зэрэгцэж оршдог. Одоо хүртэл дэлхий дүүрэн ид шид бий гэдэгт итгэдэг хэвээрээ. Магадгүй би том хүн болоогүй ч байж мэднэ.

“Хүүхэд нас гэдэг ердөөсөө төсөөлөл багтдаггүй үе шүү дээ. Томоотой бай, хичээлээ давт, гэрээ цэвэрлэ, тоглож орж ирээд гараа угаа зэрэг үргэлж сонсдог, хэт “бодитой” үгс ой ухаанаас дорхноо ойгоод гарчихдаг хэрнээ шүүр унадаг шулам, хүүхдээр хооллодог мангас, нисдэг байшин, ярьдаг амьтад, тэдэнтэй ойлголцоод байдаг хүмүүс бол эгэлээс эгэл мэт л санагдана”. /Ж.Тэгшжаргал “Саваагаа гээсэн шидтэн”/

“Хэзээ би том хүн болсноос санадаггүй. Нэг л мэдэхэд ид шид гэж байдаггүй бодит үнэнтэй эвлэрээд, төсөөлөл мөрөөдөл ч илүү ахуйн шиж чанартай болчихсон. Ургуулсан далавчаа өөрөө тайрчихсан, эсвэл шидэт саваагаа хаана нууснаа мартсан шидтэн шиг.” /Ж.Тэгшжаргал “Саваагаа гээсэн шидтэн”/

Өнөөх ид шид, ойлгомжгүй дүрст төсөөллийн цэнхэр бөмбөлөгнүүд маань нээрэн хагарчихсан. Тэгээд амьдрал уйтай, орчлон дүнсгэр санагдах болж. Хааяа ч биш өдөр бүр л тийм төлөвт хэд хэдэн удаа хувирна. Би төрөлхийн гутранги үзэлтэй байсан хэрнээ ид шидэнд итгэдэг, баатарлаг гавьяа байгуулсан ханхүү, гүнжтэйгээ амар сайхан жаргаж төгсдөг үлгэрт бусдын л адил дуртай жаал байсан. Бусдыг нь үйл хөдлөл, үг үсэггүй санах биш дээ. Харин Ж.Тэгшжаргал шиг ингэж сэтгэлд мэдрэгдтэл бичиж, сонгосон үгс нь шидтэй мэт санагдах сэтгэгдэл хэн нэгэн уншигчид төрүүлж байгаагүй гэдгээ л сайн мэднэ.  

“Бидний үеийнхнийг БИ гэх үг бүрэн төлөөлнө. Бид биш, тэд бүр биш, зөвхөн БИ” гэх буюу “Би эрин”-ийнхэнд хэн ч, юу ч хамаагүй. Тэд өөрсдийгөө бүхэл бүтэн ертөнц гэж бодохын сацуу, хэдийгээр долоон тэрбум хүнтэй дэлхийд амьдарч байгаа ч Робинзон Крузогоос өөрцгүй. Гол нь тэд хамгийн жаргалтай Крузонууд. Учир нь тэд “арал дээр хаягдах”-ыг, ганцаараа байхыг өөрсдөө хүсдэг”. /Ж.Тэгшжаргал “Би эрин”/

Бичихийг хүсдэг, бидний үеийнхний мэдэрдэг зүйлс яг энэ. Харин эл бичвэр хангалттай баримт, сэтгүүлчийн урам зориг, зөв гаргалгаа, сонирхолтой таамгаар дүүрэн. Тиймдээ ч уншихад “яг энэ шүү дээ” гэж уулга алдуулаад байгаа юм. Харамсалтай нь “ЭМО” гэх үгсийг нүүр хуудсандаа бичиж, гуниг, ганцаардлын тухай ам нээж, сэтгэгдлээ сийрүүлэхгүй бол бусдаас өөр, ангид нэгэн болж бусдын нүдэнд харагдахгүй гэх бодлоор тархиа дүүргэчихсэн бүхэл бүтэн залуу үе ургаж байна. Гэтэл энэ бодлыг минь Ж.Тэгшжаргал “...Учир нь тэдэнд зөвхөн өөрсдөө л хэрэгтэй. “Би”-д нь “би” нь л чухал” гэсэн өгүүлбэрээр тас цохих нь тэр.

“Мөрөөдөл маань миний өөрөө бодож олсон, төсөөлсөн юм биш, харин ч хар аяндаа толгой руу минь цутгачихсан “зохион байгуулалттай” ажил байсныг олж мэдсэн тэр өдөр надад анх удаа амьдралдаа орь ганцаараа шар айраг уух хэрэг гарсан билээ”. /Ж.Тэгшжаргал “25”/

Үүнийг уншиж суухдаа би юу бодов. Үнэхээр мөрөөдөл маань төсөөлөл биш, сэдэв нь нэгэнт толгойд бууж ирчихээд байхад цаасанд мутар минь бийрлэж чадахгүй асан зохиол шиг зүйл байв уу? Магадгүй дахиад олон арван асуулт урган гарна. Гэхдээ ганц байхад л хангалттай.

Учир нь “Хэн нь ч амьдралд хоргодоггүй, хэт бардам. Бардмаа бусдад тулгадаггүй. Нэгнээсээ хамааралгүй оршдог, бүгдийнх нь дайсан нь ч, аврал нь ч өөрснөө байдаг. Үхлээ урьдаас мэдэрдэг, ихэнх нь ирэхийг нь хүлээдэг. Ирвэл нь дуугүй оддог. Наминчлал, гэрээслэл... ер нь юу ч үлдээдэггүй бадрангуй баатруудтай тэр ном харин миний дотор бүхлээрээ үлдсэн юм даа.” /Ж.Тэгшжаргал “Аракатакагийн илбэчин”/

Хайртай зохиолч Маркесынхаа “Зуун жилийн ганцаардал” романы баатруудыг Ж.Тэгшжаргал ингэж тодорхойлжээ. Магадгүй бидний эргэн тойронд ийм баатрууд өсөн бойжиж буй “Би эрин”-ий үед амьд яваагаа, тэр нь хичнээн сайхан болохыг эл бичвэрүүдийг унших тусам ойлгох шиг.

Хэн нэгэн байх гэж, хэн нэгэн болох гээд өөрсдийнхөө тунгалаг төсөөллийг хагалж, “аквариум” дахь загасаа үхүүлчихдэг бидний үеийнхэнд хамаатай, унших ном бол энэ мөн.

Үнэндээ гуйвуулаад бодох юм бол өөрсдийн оршихуйг зоригтойгоор тунхаглаж, үнэ цэнээ алдалгүй байхыг сургамжилдаг Сартр хүртэл “Би хүмүүс бүгдээрээ эв найртай амьдрах эсвэл тус тусдаа аз жаргалтай амьдрахын аль алинд нь эргэлздэг” гээд хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр нь хэн нэгэн болох, бусдын өмнө гарах шаардлага үгүй мэт, бидэнд “би” хэрэгтэй гэх зарчим заримдаа туйлын зөв санагдана.



III.


“Хотод ирээд сар ч болоогүй Хишигээ хэдийнэ уйдаж эхэлсэн байлаа. Учир нь тэр хотод амьдарч буй ч жинхэнэ ёсоор хотын иргэн болоогүй. Гэлээ гээд хөдөө сумандаа байгаа мэт аяглаж болохгүй ацан шалаанд орсон нь ийн бодоход хүргэжээ. “Central tower”-ийн усан оргилуурын өмнө зургаа татуулж, үе тэнгийн бусад хотын залуусын нэгэн адилаар кино үзэж, бургер идэж, “Кока кола” ууж, нөхөрлөлийнхөө хүрээг өөрийнх нь хувьд цоо шинэ үзэл бодолтой залуусаар тэлсэн хэдий ч түүний мөрөөдөхдөө төсөөлсөн аз жаргал энэ биш байжээ”. /Ж.Тэгшжаргал “Салхи биднийг хөтөлнө”/

Яг л үүнтэй адил хотод төрсөн охин хөдөөд очоод “жинхэнэ ёсоор малчин” болж чадахгүй. Амьдралын тойрог дотор нүүдэл хөвөрсөөр эхний цэг дээрээ эргээд буудаг. Гэвч энэ бүхнийг бичигчийн хувьд нэг тийм огт өөр зүйлс анзаарагддаг. Үргэлжид “Өө, сайн уу” гээд чангахан дуугаар мэндэлж явдаг, дэврүүн зантай, ямар нэг зүйлд яарсан мэт алхаж явахтай нь хааяахан гудманд тааралдаж гар бариад л зөрдөг болчихсноос өөр зүйл үгүй. Гэтэл дотор нь аливаа зүйлийн тухай ягштал эргэцүүлдэг, өөрөө ч мэдэлгүй гэнэт гуниглаж, орь ганцаар шар айрагны мухлаг зүглэдэг, Габотой уулзаж чадаагүй нэгэн суудаг аж.

Тэр хүн намайг гэртээ урьж, номын сангаа гайхуулж, хамгийн хайртай ном нь “Зуун жилийн ганцаардал”-ын 1968 оны испани хэл дээрх хэвлэл болохыг үзүүлж, шүлгийг минь сонсоод “Миний дүү бичээд л бай” гэхээс өөрийг хэлээгүй нэгэн. Тэгж бид номоор, Маркесаар анх учирсан болохоор би дурсамжуудаа гээлгүй хадгалж явдаг юм. Яг л “нүүдэл” шиг... Эргээд тэр цэг дээр хэзээ нэгтээ очихоо мэднэ.

“Гэвч өглөө сэрэх бүртээ тэр маань өтөлж буй. Хэтэрхий хэрсүү ярианаас нь гэгээн шид цухас цухсаар арилаад ч байх шиг. Чиний гэгээн бодол, төсөөлөл үгүй учраас л "том хүн"-ий амьдрал уйтай байдаг юм. Энэ амьдрал биднээс тийм ч ихийг хүсдэггүй юм аа гүнж минь, чи өөрөө л бэлэг шүү”. /Ж.Тэгшжаргал “Ургаж буй бүхэнд атаархнам”/

Ж.Тэгшжаргал  дүүдээ ингэж хэлжээ. Ах, эгч хоёр нь бяцхан дүү Т.Одончимэгийнх нь далавчийг бүү л гэмтээчихээсэй билээ гэж чин сэтгэлээсээ хүсэв. Дээр нь нэмээд тус номоос “Аавын үгүйд нутгаа зорьсон тэмдэглэл”, “Би эрин”, “Хорин тав”, “Хүүхэд насыг дайрсан хүн бүхэнд зориулав”, “Ямар их хайран дундаас би болсноо мэдэхэд...”, “Өрөөлийг жаргааж дуулж явбал, өөрөө жаргадаг сэтгэлийг тань даа...”, “Ахын минь ард гурван алуурчин алхаж явсан”, “Салхи биднийг хөтөлнө”, “Нью-Йоркийг үз, тэгээд зугт”, “Хадаас” гэсэн гарчиг бүхий тэмдэглэл, эсээ, сурвалжилга бүрийг онцгойлон уншиж үзээсэй хэмээн хүсэж байна. Гэлээ ч зөвхөн “би” тань мэдэх хэрэг.

Тийм ээ, бид өөрсдөө л хэн нэгэнд, эсвэл энэ амьдралд бэлэг болон ирдэг байх. Тэгээд өөрсдийнхөөрөө аашилж, зөвхөн “би”-гээ гэх материалист үзлийг зарим нь хэтрүүлснээс болоод далавчаа тайруулчихдаг.

“Энэ амьдрал биднээс тийм ч ихийг хүсдэггүй юм аа гүнж минь, чи өөрөө л бэлэг шүү”.
 
Б.Алтанхуяг
 
 
 
 

Монгол брэнд