top banner

М.Энхболд: Татварын өөрчлөлт иргэдийн 90 орчим хувьд нөлөөлөхгүй


2018-01-03 20:07:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболд агаарын бохирдлыг бууруулахад төрөөс баримтлах бодлого болон бусад цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Утааг бууруулах богино, дунд, урт хугацааны бодлого, шийдлийг Засгийн газраас гаргахаар хэлэлцэж байна. УИХ-аас ямар үйл ажиллагаанд анхаарч байна вэ? 
-Утааны асуудал бидний анхаарлыг хамгийн их татсан асуудал болж байна. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгийн төв газруудад утааны асуудал сүүлийн жилүүдэд анхаарал татаж байна. Гаргасан шийдвэр, зарцуулсан хөрөнгө асар их байгаа боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй, утааны хэмжээ багасахгүй, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн хэвээрээ байгаад иргэд бухимдаж байна. Үүн дээр УИХ, Засгийн газар тодорхой шийдлүүд гаргаж ажиллах ёстой. Тийм ч учраас өнгөрсөн оны төгсгөлд УИХ-аас Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагаа хуралдлаа. Маргаашнаас эхлээд 6-7 хоногийн хугацаанд Ажлын хэсгийн гишүүд гэр хорооллын айл өрх, үйлчилгээний байгууллагуудаар орж, халаалтыг хэрхэн шийдэж байгааг судлахаар болж байна.

-Утаа бууруулахад хамгийн бодит үр дүнгээ өгөх ямар шийдэл байна вэ? Энэ асуудлыг олон жил ярьсан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Үүний шалтгааныг хэрхэн харж байна вэ?
-Ер нь утааны асуудлыг шийдвэрлэхэд хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Тэгэхээр энэ асуудлыг эрчимжүүлэхийн тулд тэр хүртэлх хугацаанд авах арга хэмжээний талаар тодорхой шийдэлд хүрэх ёстой. Засгийн газар, хотын удирдлага солигдох тоолонд ярьж хийж байсан ажлыг нь өөрчилж дахин шинэ ажил эхлүүлээд байсан учраас үр дүн гараагүй. Сүүлийн 10-аад жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Тийм учраас УИХ-аас өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг хэлэлцэж, нэгтгэн дүгнэхээр болсон. Үүнээс шалтгаалан Ажлын хэсэг Засгийн газарт чиглэл өгнө. Тэр чиглэлийн дагуу Засгийн газар судалгаа хийж олон шийдлийн аль нь илүү үр дүнтэй, төсөв мөнгөний хэмнэлттэй болохыг тодорхойлж, тогтох нь чухал. Ингэхдээ  төв суурин газруудад урт, дунд  хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэйгээ харшлахгүй байх хувилбарыг сонгох хэрэгтэй. Ер нь нийтээрээ хөдөлж байж, хууль эрх зүйн орчноо шинэчилж байж энэ бүхний ард гарна.
-Хууль эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэх бол?
-Утааг бий болгож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй. Гэхдээ хариуцлага ярихаасаа өмнө асуудлаа шийдэх боломж бололцоог нь төр засгаас хангаж өгөх хэрэгтэй. Тухайлбал, Ажлын хэсгээс гаргаж байгаа саналаар бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, тэдгээрийг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх санал орж ирсэн. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахыг хүлээхгүйгээр татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал гарч байна. Үүнийг маргааш хуралдах хамтарсан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, ойрын хугацаанд шийдвэрлэж, дотооддоо хямд үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Өөр сэдвээр асуухад, УИХ-ын гишүүдийн ёсзүйн асуудлыг дорвитой ярих цаг болсон гэж иргэд шүүмжилж байна. УИХ-ын гишүүд янз бүрийн  асуудалд холбогдож байна л даа?
-УИХ-ын гишүүдийн ёсзүйн асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гарч буй зүйлийн хүрээнд ойлгож болохгүй. Хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэлд үндэслэлтэй нь ч байна, үндэслэлгүй нь ч байна. Өнөөдөр надад УИХ-ын даргын хувьд хэн нэгэн гишүүний талаар ямар нэг бичиг ирээгүй .
УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ирцийн асуудал зэргээр харин анхаарал татсан асуудал бий. Үүнд УИХ-ын гишүүд бүлгүүд дээрээ ярьж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг бүрэн дүүрэн ирцтэй явуулдаг байхад тодорхой арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа. Нааштай өөрчлөлтүүд гарч байна гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлага, хариуцлагатай байж,  иргэдээс сонгогдсон бүрэн эрхээ хариуцлагатай хэрэгжүүлэх идэвх гаргах ёстой.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд та УИХ-ын даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд өнгөрсөн 2017 онд УИХ-д нэлээд анхаарал тавьж ажилласан. Улсын хэмжээнд иргэдийн саналыг сонсох арга хэмжээ зохион байгуулж, Улаанбаатар хотод зөвлөлдөх санал асуулгыг хийсэн. Үүнээс үндэслэж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн анхны төслийг гаргаж, УИХ-ын Тамгын газраас улсын хэмжээнд хэлэлцүүлэг явуулан 327 мянган иргэний 5.6 сая санал ирснийг бүртгэж авсан. Ойрын үед төслийг УИХ-д өргөн барих байх.

-2017 онд эдийн засаг өсөлттэй гарсан. 2018 онд ямар хүлээлттэй байна вэ?
-2017 оны гуравдугаар улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай, валютын нөөц 3 тэрбум ам.доллар болсон. Энэ бол эдийн засагт нааштай ахиц, өөрчлөлт гарч байгаагийн илэрхийлэл. Одоогоос яг 15 сарын өмнө эдийн засаг -1.6 хувьтай, валютын нөөц -400 сая ам.доллартай тэнцэж байсан. Үүнээс хойш УИХ-аас гаргасан шийдвэрүүд, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ улс орны эдийн засагт нааштай өөрчлөлтийг бий болгосон гэж бодож байна. Энэ нааштай өөрчлөлтийг тодорхой хугацаанд иргэдийн амьдралд, айл өрх бүрт мэдрэгдсэн өөрчлөлт болгох ёстой. 2018 онд энэ өөрчлөлт гарна гэж харж байна.

-Айл бүрт эдийн засгийн өсөлт бодитоор мэдэгдэж чадах болов уу?
-Эдийн засаг өсч байна гэдэг тодорхой хэмжээнд ажлын байр, бүтээн байгуулалт бий болно. Энэ хүрээнд иргэд ажиллах, хөдөлмөрлөх нөхцөл бололцоо нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр иргэдийн, айл өрхийн орлого нэмэгдэх боломж бололцоо бий болох ёстой.

-Гэхдээ олон төрлийн татвар нэмсэн нь нааштай өөрчлөлт гэхээс илүү дарамт болохоор төсөөлөгдөж байгаа. Татваруудыг эргэж харах шаардлагыг ч сөрөг хүчний бүлэг тавьж байна. Энэ талаар? 
-ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд татвар нэмж байгаа. Гэхдээ татвар нэмсэн асуудал нь өндөр орлоготой иргэд болон архи, тамхи гэх мэт тансаг хэрэглээнд хамаарч байгаа юм. Татварын олон шатлалтай болох ажлын хүрээнд авч байгаа арга хэмжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр татвар, тэр дундаа ХАОАТ 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой нийт хүмүүст хамаарах мэтээр тайлбарлаад байна. Үнэн хэрэгтээ 1.8 сая төгрөгийн орлоготой хүн байлаа гэхэд 1.5 сая төгрөгийн орлоготой хүн хуучнаараа буюу 10 хувиар татвар өгнө. Харин нэмэгдэж байгаа 300 мянган төгрөгт л 15 хувийн татвар өгөх юм. Үүнийг иргэдэд зөв ойлгуулах хэрэгтэй. Ер нь нийт иргэдийн 90 орчим хувьд татварын өөрчлөлт орохгүйгээр бодож тооцож, гаргасан шийдвэр. Өндөр орлоготой иргэд болон тансаг хэрэглээнд тодорхой татвар ногдуулах нь зөв гэсэн үүднээс гаргасан.
 
Н.Гантуяа 
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сурталчилгаа
Монгол брэнд