top banner
Шуурхай мэдээ

Гэр хороололд амьдарч буй төрийн албан хаагчдыг орон сууцжуулна


2018-01-03 17:38:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр Төрийн ордонд иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим шийдлүүдээр мэдээлэл хийв. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хороололд 160 мянган өрх амьдардаг. Гэтэл орон сууцны зах зээл дээр 260 мянган шинэ байр эзнээ хүлээж байгаа аж. Иймд Засгийн газраас гэр хороололд амьдардаг төрийн албан хаагчдыг тодорхой нөхцөлтэйгээр тэдгээр орон сууцанд оруулах, цахилгаан эх үүсвэр бүхий халаагуураар айл өрхийг хангах, монгол гэр болон хувийн сууцны дулаалгыг нанотехнологи бүхий дулаалгын материалаар дулаалах зэрэг  хувилбарыг хэлэлцэж буй. Тэдгээр шийдэлтэй холбогдуулж Засгийн газар шаардагдах хөрөнгийн асуудлыг мөн давхар хэлэлцэж байгаа. Түүнчлэн өмнөх жилүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, нийслэлийн ЗДТГ зэрэг байгууллагууд тус тусдаа хөтөлбөр хэрэгжүүлж, хөрөнгө мөнгө зарцуулж ирсэн алдаанаас Засгийн газар сургамж авч, нэгдсэн төлөвлөлтөөр нэгдмэл бодлогоор ажиллахаар болж байгаа хэмээн Ц.Цогзолмаа сайд мэдээлсэн юм. 

Энэ үеэр иргэдийн зүгээс ногоон зээлийн сан хэрхэн ажиллах, төрийн албан хаагчдыг ямар нөхцлөөр орон сууцжуулах, халаагуурыг ямар үнэ төлбөртэйгээр тараах болон Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд утаа хэдэн хувиар буурах боломжтой зэргийг тодруулж байв.  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа иргэдийн сонирхсон асуултад хариулж тайлбар өгсний зэрэгцээ айл өрх бүрийн идэвх санаачилгатай оролцоо утаанаас салахад ихээхэн үүрэгтэй гэдгийг онцлоод иргэн-төр хоёрын хооронд гүүр болон ажиллаж буй тэдгээр оролцогчдыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Б.Туул

Монгол брэнд