У.Хүрэлсүх: Утаанаас салахад хариуцлагатай, сахилгатай, зохион байгуулалттай оролцох ёстой

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-01-03 17:14:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар энэ оны анхны хуралдаанаараа өнөөдөр нийслэлийн агаар орчны бохирдол, утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн эрчимжүүлэх талаар холбогдох газруудаас олон талын мэдээлэл авч хэлэлцэхээр болсон. Энэ асуудлаар Монол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Утаа бууруулах чиглэлээр Засгийн газраас ямар шийдэл гарах нь иргэдийн дунд хүлээлт үүсгэж байна. Өнөөдрийг хүртэл хийсэн судалгаа, мэдээлэлд ямар гарц шийдэл ажиглагдаж байна вэ? 

-Агаар орчны бохирдол, утаа бууруулахад юун түрүүнд хүн бүрийн идэвхи зүтгэл чухал. Төрөөс оновчтой, үр дүнтэй бодлого гаргаж ажиллахын төлөө хичээж байна. Хөрөнгө санхүүгийн асуудал үнэхээр хүндрэлтэй. Юуны түрүүнд айлууд гэрээ дулаалах нь чухал асуудал болсон. Гэтэл нөгөө талаас 6х7 хэмжээтэй байшинг дулаалахад материалынхаа зардалтай нийлээд 6-7 сая төгрөг шаардлагатай гэж байна. Энэ хэмжээний мөнгө гаргаад гэрээ дулаалах бололцоотой айл өрх цөөхөн. Өөрсдөө ахуйн аргаар гэр орноо дулаалж болно. Энэ ажлыг маш сайн зохион байгуулах ёстой гэж бодож байна. Өнөөдрийн үзэсгэлэнд дулаалгын компаниуд хонины нэхийгээр туурга, дээвэр хийснээ танилцуулсан. Монгол гэрийг хонины нэхийгээр дулаалах бүрэн боломжтой гэдэг нь энд харагдаж байгаа юм. Дээр нь Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг аль болох багасгах, яндангийн тоог цөөлөх ажил хамгийн чухал байна. Мөн бусад эрчим хүч, техник технологийг ашиглаж, гэр хорооллыг дулаанаар хангах, гэр орноо дулаалах зэрэг олон тодорхой шийдэл байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, цаашид утаатай хэрхэн тэмцэх вэ гэдэг шийдлийг гаргахаар ярилцана. 

-Өнгөрөгч 10 гаруй жилд утаа бууруулах нэрээр 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн бага байгааг шүүмжилдэг. Утааг улс төржүүлж, иргэд хохирч байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Утаагаар улс төр хийгээд хэрэггүй. Утаанаас салъя гэвэл айл өрх, аж ахуйн нэгж, төр засаг гээд бүгд дор дороо хариуцлагатай, сахилга баттай, зохион байгуулалттай оролцох хэрэгтэй байна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд утааг бууруулахад нийтдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Гэхдээ бүгдийг үр ашиггүй зарцуулсан гэж ойлгож болохгүй алдаж, оносон юм байгаа байх. Ямар ч байсан утааг тодорхой хэмжээнд бууруулахад зарцуулагдсан нь үнэн. Гэхдээ утаа гаргадаг яндангийн тоо жил ирэх тусам өсч байгааг та бүгд мэднэ. Тиймээс цаашдаа Улаанбаатар хот утаанаас салахын тулд сахилга баттай, зохион байгуулалттай, хүн бүр сэтгэл гаргах хэрэгтэй байна. Бүх л боломжийг ашиглах хэрэгтэй.

-ШУА-иас дэвшүүлж буй шийдэлд гэр байшингаа дулаалж, халаалтаа цахилгаанаар шийдэх тухай ярьж байна. Гэтэл Улаанбаатар хотын өнөөгийн эрчим хүчний эх үүсвэр энэ ачааллыг даах боломжгүй учир Тавдугаар цахилгаан станцыг яаравчлан ашиглалтад оруулах шаардлага гарч байна. Үүнд та тайлбар өгөөч?

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Ер нь Тавдугаар цахилгаан станцыг шинээр барихаас илүү, Гурав, Дөрөвдүгээр цахилгаан станцыг  өргөтгөх нь илүү ач холбогдолтой байна гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ