top banner

Баян-Өлгийд малын тэжээл үйлдвэрлэж эхэллээ


2018-01-03 16:43:35
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Өлгий агро" компани малын тэжээлийн үйлдвэр байгуулж,  орон нутагтаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ.

"Өлгий агро" компани өнгөрсөн зун Алтанцөгц сумын нутаг болох Цонжын хөдөө хэмээх газарт 100 га талбайд улаан буудай, арвай, овьёос, царгас, эрдэнэ шиш, олон наст, судаан өвс зэрэг малын тэжээлийн ургамлуудыг усалгаатай нөхцөлд тариалсан аж. Намар 200 гаруй тонн ургац хураан авсан бөгөөд эдгээр түүхий эдээс хорголжин тэжээл, багсармал тэжээл, тусгай жороор адуу, үхэр малд зориулсан хүчит тэжээлүүдийг тус тус үйлдвэрлээд эхэлжээ.

Тус үйлдвэрийн талаар компанийн менежер Х.Талгатаас тодруулахад: "Манай үйлдвэр цагт 1-2 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. Баруун бүсэд байгуулагдсан энэ чиглэлийн анхны үйлдвэр. 10 хүнийг тогтмол, арван хүнийг улирлын чанартай ажлын байраар хангаж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанараас хамааран борлуулалт нь сайн явж байгаа. Бид тэжээлийг сумдад өөрсдөө хүргэж өгснөөр малчдын гарт ченжүүдийн гар дамжалгүй хямд үнээр очиж байна. Баян-Өлгий аймгийн тэжээлийн жилийн хэрэгцээ 10-15 мянган тонн бөгөөд бид энэ жил 6 хувийг хангахаар тооцоолсон. Нийтдээ 800 га тариалангийн талбайтай бөгөөд ирэх таван жилд аймгийн нийт хэрэгцээний 50 хувийг дангаараа хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна" хэмээлээ. 

Үйлдвэрлэгчид тайлбарласнаар орон нутагт үйлдвэрлэж буй тухайн бүтээгдэхүүний үнэ зах зээлийн үнээс тодорхой хэмжээгээр хямд, тэжээллэг чанар нь ОХУ-аас оруулж буй импортын тэжээлээс хамаагүй илүү ажээ.

Ө.Нурболат


Монгол брэнд