top banner

2020 он гэхэд утаа 50 хувь багасна


2018-01-03 15:22:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болох “Утааг бууруулах технологийн шийдэл” танилцуулга үзэсгэлэн өнөөдөр Төрийн ордонд гарлаа.
Үзэсгэлэнд нийт 50 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож утаагүй "шийдэл" буюу цахилгаан халаагуур, боловсруулсан хийн түлш, гэрийн дулаалга, шалны ялтсан халаагуур, агаар шүүгч, төрөл бүрийн зуух, цахилгаан хэмнэгч зэргийг танилцуулав. Тухайлбал уран зураг, гэр бүлийн хөрөг зураг мэт харагдах ханын халаагуур танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татаж байлаа. Гэр, байшинд нэмэлтээр байршуулдаг уг халаалт нь байгалийн хүрмэн чулууг ашигласан бөгөөд баталгаат хугацаа нь 5 жил, насжилт нь 50 жил, цахилгаан зарцуулалт маш бага гэх мэт олон давуу талтай хэмээн "Дэлгэр онон партнерс" ХХК-ийн захирал Н.Дэлгэрцогт ярьж байв.



Түүнчлэн тулга хэлбэрийн цахилгаанаар халдаг, утаагүй, аюулгүй зуух, хэт улаан туяаны эко цахилгаан халаагуур, хонины ноосон барилгын дулаалгын материал зэрэг олон шийдэл байлаа. 

Мөн 35 сая төгрөгийн өртгөөр 64 мкв талбай бүхий хөрсний бохирдол, дулааны алдагдал, яндангүй амины орон сууцыг танилцуулж байв. Нарны дулаан ашигласан, эрчим хүчний хэмнэлттэй энэхүү байшинг 14 хоногийн хугацаанд нэг мкв нь 500 орчим мянган төгрөгөөр барьж буй аж. Хэрэв төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, ипотекийн зээлд хамруулж өгвөл олон иргэд өмчилсөн газар дээрээ "яндангүй байшин"-тай болох боломж байгааг "Хөгжлийн хөтөч-дэд бүтэц" төслийн зохицуулагч Б.Батболд хэлж байлаа. Уг байшинг туршилтаар Чингэлтэй дүүргийн 7-р хороонд 200 айлд туршихаар төлөвлөсөн байна.  



Үзэсгэлэнг УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд үзэж танилцсан бөгөөд дээрх шийдэл амьдралд хэр оновчтой байх талаар асууж сонирхож байв.

УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр "Өвлийн улиралд утааны асуудал бидний анхаарал татсан гол асуудал болж байна. Энэ чиглэлээр гаргасан шийдвэр, зарцуулсан хөрөнгө асар их боловч тодорхой үр дүн мэдэгдэхгүй байна. УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж УИХ дэргэдээ Ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг маргаашнаас эхлэн утааны голомт болж буй гэр хороололд очиж ажиллахаар болсон. Утааг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах. Энэ ажлыг хийж үр дүнд хүрэх хүртлээ ямар арга хэмжээ авах талаар тодорхой шийдэлд хүрэх ёстой. Засаг, удирдлага солигдох бүрт шийдэл нь өөрчлөгдөж байснаас үүдэн өнөөг хүртэл үр дүнд хүрээгүй байна. Тийм учраас УИХ өнөөг хүртэл энэ асуудлаар гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт ямар байгаад дүгнэлт хийж, Засгийн газарт чиглэл өгөхөөр төлөвлөж байна" гэсэн юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Агаар орчны бохирдол, утааг бууруулахад юун түрүүнд хүн бүрийн идэвхи зүтгэл чухал. Төрөөс оновчтой, үр дүнтэй бодлого гаргаж ажиллахын төлөө хичээж байна. Юуны түрүүнд айлууд гэрээ дулаалах нь чухал асуудал болсон. Гэтэл нөгөө талаас 6*7 хэмжээтэй байшинг дулаалахад 6-7 сая төгрөг шаардлагатай гэж байна. Энэ хэмжээний мөнгө гаргаад гэрээ дулаалах бололцоотой айл өрх цөөхөн. Өөрсдөө ахуйн хүрээнд дулаалдаг айл ч байна. Дулаалгын компаниуд хонины нэхийгээр туурга, дээвэр хийсэн байна. Монгол гэрийг хонины нэхийгээр дулаалах бүрэн боломжтой гэдэг нь энд харагдаж байна. Засгийн газраас яндангийн тоог цөөлөх, бусад эрчим хүч, техник технологийг ашиглаж, гэр хорооллыг дулаанаар хангах, гэр орноо дулаалах зэрэг олон тодорхой шийдэл дэвшүүлж, шийдвэр гаргахаар ажиллаж байна" гэлээ. 



Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Утааг бууруулах чиглэлээр урт, дунд, богино хугацааны шийдлүүдийг гаргахаар сүүлийн хэдэн сард тасралтгүй ажиллалаа. Урт хугацааны шийдэлд Улаанбаатар хотын дагуул хотыг Аэро сити хэлбэрээр Хөшигийн хөндийд байгуулах, аймгуудыг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах зэрэг цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газрын хуралдаанаар туршилтуудаа танилцуулж, нэгдүгээр сардаа багтаан ойрын хугацааны шийдэл, дунд, урт хугацааны бодлогоо гаргаснаар 2020 онд 50 хувь хүртэл багасгах, 2024 он гэхэд утааг үндсэнд нь арилгах төлөвлөгөө гаргаж байна" гэсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Утаатай тэмцэх, агаарын бохирдолтой тэмцэх ямар шийдлүүд байгаа талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Нийслэлээс хэрэгжүүлэх ажил гэвэл яндангийн тоог бодитойгоор бууруулахыг шаардаж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5000 орчим айлыг орон сууцжуулсан. Үүний 1008 айл нь яндангаа хураалгаад орон сууцанд орсон бол бусад нь орчин, нөхцлөө сайжруулсан байна. Тиймээс газрыг орон сууцаар солих схемийг хэрэгжүүлж, гэрээ буулган, яндангаа хураагаад газраа өгсөн тэр айлд орон сууц олгож байна. Энэ ажилд 2017 онд 5 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ онд 10 тэрбум төгрөг зарцуулахаар болж байгаа. Төр, иргэд хамтран ажиллаж чадвал Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айл өрхийн асуудлыг шийдвэрлэж чадна гэж үзэж байгаа" гэлээ. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Т.Чимгээ





 


Монгол брэнд