top banner

Д.Эрдэнэбат: Татвар нэмсэн үндэслэлээ Засгийн газар эргэж харах ёстой


2018-01-03 15:16:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 2018 оны эхний хуралдаанаа хийж, энэ онд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцэж, Банкны тухай хуулиудын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийв.

УИХ 2017 онд 200 гаруй хууль тогтоомж хэлэлцэн баталсан ч Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөж өгөх хуулийн төсөл бага байсан гэдгийг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд онцолж байв. Тэрбээр "2017 онд татвар нэмсэн, улсын өр нэмэгдсэн, инфляци өссөн, халамж нэмэгдсэн, хүүхдийн мөнгө хасагдсан, цалин царцаасан, ажлын байр хумигдсан, импортын хэмжээ өссөн гээд маш олон сөрөг зүйлүүд гарлаа. Үүнийг ард түмэн биеэр амсаж, мэдэрч байгаа. 2017 онд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Эрх баригчдын хамгийн том, хамгийн дуулиантай ажил нь Засгийн газраа л огцруулсан асуудал байлаа. 2018 онд энэ байдлыг давтаж болохгүй. Энэ байдал үргэлжилвэл Монголын эдийн засгийн байдал, ард түмний амьдрал илүү муудах болно. Тиймээс сөрөг хүчний хувьд 2018 он 65-ын үнэмлэхүй олонхийн үйл ажиллагааг хянах хариуцлагатай жил байх болно” гэлээ.

Мөн тэрбээр ОУВС-ийн хүрээнд нэмэгдээд байгаа татваруудын асуудлаарх АН-ын бүлгийн байр суурийг илэрхийлэв. Тодруулбал, ОУВС-тай хийсэн гэрээний хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдсэн гэж байгаа ч үнэн хэрэгтээ есөн төрлийн татвар нэмэгдсэн. Үүнд, газар худалдаалах, ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины импортын, шатахууны онцгой албан татварууд орж байгаа. Эдгээр татвар нэмэгдсэнээр гарах эерэг сөрөг дагаварыг зайлшгүй тооцох ёстой хэмээн тус бүлэг үзэж буй аж. Тиймээс ч өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцээд, эдгээр татваруудыг нэмсэн үндэслэлийг эргэж нэг харах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Хэрвээ эдийн засаг өсч байгаа нь үнэн бол иргэдээс татвар авах зайлшгүй авах шаардлага байгаа эсэхийг эргэж харж, татваруудыг цуцлах хуулийг төсөл санаачлахыг шаардах болно гэлээ.
Түүнчлэн татвар нэрээр ажил хөдөлмөр эрхэлж буй баялаг бүтээгчдээс мөнгө авч нийгмийн халамж руу шилжүүлж байна хэмээн шүүмжлээд 2016 онд Засгийн газрын халамжид 278 тэрбум төгрөгийг зарцуулж байсан бол 2018 оны төлөвлөж буйгаар 776.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасныг шүүмжилж байлаа. Тиймээс Засгийн газарт хүргүүлж буй шаардлагадаа нийгмийн халамжид зарцуулах 776.9 тэрбум төгрөгөөс 100 тэрбумыг нь хүүхдийн мөнгөд олгох талаар тусгана гэдгээ АН-ын бүлгийн дарга хэлж байлаа.

Тус бүлгийн хуралдаанаар мөн Банкны тухай хуулиудыг дахин хэлэлцжээ. Учир нь уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед АН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Төв банкны тухай хуулийн тухайд бие даасан байдал нэрийн дор эрх мэдэл нь нэмэгдсэн, арилжааны банкууд руу оролцох оролцоогоо нэмэгдүүлсэн хууль оруулж ирсэн. Монгол банкны үндсэн зорилт бол үндэсний валют төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байдаг. Гэтэл өнөөдөр төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй болохоор үндсэн зорилтоосоо ухраад үнийн тогтвортой байдлыг хангах гээд оруулаад ирсэн. Төв банкны ерөнхийлөгч үндсэн зорилтын ажлаа хийж чадахгүй болохоор хуулиа өөртөө зориулан өөрчилж байгаа арга хэлбэр юм. Төв банк улс төрөөс ангид байх гэдэг нь улс төрийн аль нэг намын шийдвэрийг хэрэгжүүлэхээс ангид байхыг хэлнэ. Түүнээс хууль тогтоох УИХ-аас ангид байхыг хэлэхгүй. Гэтэл Төв банкны мөнгөний бодлогыг жил бүр УИХ баталж өгдгийг болиулах гээд сууж байна. Төв банкны Ерөнхийлөгчийг УИХ томилоод, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүл гэж явуулдаг. Гэтэл төрийн мөнгөний бодлого гэдгийг "төрийн" гэдэг үгийг авч хаяад, Төв банкны мөнгөний бодлого болгох гээд сууж байна. Тиймээс Төв банкны хуулиар Төв банк бие даасан УИХ-аас ангид, арилжааны банкнуудын үйл ажиллагаа руу хэт орсон эрх мэдлийг төвлөрүүлсэн байгууллага болох гээд байна” гэлээ.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл УИХ-аар хэлцэгдэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж АН-ын бүлэг байр сууриа нэгтгэсэн ч хэд хэдэн асуудалд хуулийн төсөлтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд АН-ын бүлгээс ирэх долоо хоногт хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг сайжруулах, хянаж үзэх, иргэдийн санал бодлыг тусгах зорилгоор АН-ын бүлгээс Ажлын хэсэг байгуулсан. Энэ сарын 11-нд хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсан. Үүнээс гадна 120 гаруй хуулиар нийслэлийн эрх зүйн байдал зохицуулагдаж байгаа. Хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэгт санал нэгдэж байна. Гэхдээ хуульд тусгах ёстой хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, Дэд хот болон дагуул хотын эрх зүйн байдлыг илүү тодорхой болгох, дүүргүүдийг аймгуудын түвшинд, хороодыг сумын түвшинд төвлөрүүлэн удирдах одоогийн тогтолцоог үндсээр нь халах ёстой” гэв.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд