top banner
Шуурхай мэдээ

Энэ сард Дорнодын нутгаар эрс хүйтэрнэ


2018-01-03 14:30:47
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Оны эхний нэгдүгээр сард Дорнодын нутгаар олон жилийн дунджаас илүү хүйтэрнэ гэж УЦУОШГ-аас мэдээлэв.
Хэрлэн, Халхголын хөндийгөөр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус хүрч хүйтний эрч чангарна. Үүнийг олон жилийн дундажтай харьцуулбал 0.5-1 градусаар хүйтэн гэсэн үг юм.
Нэгдүгээр 10 хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг сулрах ч сүүлийн хагас болон хоёрдугаар 10 хоногийн эхээр эрс хүйтэрч, Хэрлэн, Онон, Улз, Халхголын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус хүрч, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх нь ээ.
Өвлийн дунд сар хэдүйн гарчихаад байгаа ч тус аймгийн нутагт гялтайх цас алга. Харин ирэх өдрүүдэд нутгийн төв болон хойд хэсгээр бага хэмжээний, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр 10 хоногийн дунд үеэр зарим газраар, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд 12-16 м/с хүрч ширүүснэ.    
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд