top banner

Хоёр Солонгосын шууд холбооны шугам өнөөдрөөс ажиллаж эхэлнэ


2018-01-03 13:53:29
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Хоёр Солонгосын хооронд шуурхай холбоо барих утасны шугамыг өнөөдөр үдээс хойш нээнэ гэж мэдэгдсэн Умард Солонгосын талыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордон сайшаагаад “Энэ бол хоёр Солонгосын харилцааг сайжруулах, тогтмол яриа хэлэлцээ хийхэд чиглэсэн чухал алхам мөн” гэж дүгнэжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Юн Ён Чань өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Харилцаа холбооны энэ шугамыг сэргээснээр шаардлагатай үед холбоо барих боломжтой болно” гэлээ.

Панмүнжом тосгоны аюулаас хамгаалах хүчнийхний байранд байдаг уг утсыг орон нутгийн цагаар лхагва гарагийн буюу өнөөдөр 15:00 цагт нээнэ гэдгээ Умард Солонгосын тал өнөө өглөө мэдэгдсэн юм. Энэ утасны шугамыг Умард Солонгосын тал 2016 оны эхээр хаасан билээ.

Ирэх сарын 9-25-нд болох Пёнчаны өвлийн Олимпын наадамд Умард Солонгосын тамирчдыг оролцуулах асуудлаар энэ сарын 9-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт яриа хэлэлцээ хийх саналыг Сөүл өчигдөр Умард Солонгост тавьжээ. Уг саналд Умард Солонгос одоогоор хариу өгөөгүй байна. Дээр дурдсан шуурхай холбооны шугамыг нээснийхээ дараа Умард Солонгосын тал хариу өгч магадгүй гэж Сөүл найдаж байна.
 
Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд