Энэ зунаас мал бүхий иргэдийг хотын төвөөс гаргаж эхэлнэ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-01-03 13:45:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хотын төвөөс мал бүхий иргэдийг гаргах тухай асуудал 2014 оноос яригдаж, сум орон нутгаас холбогдох мэдээллийг иргэдэд хүргүүлж байжээ. Хойшлогдсоор өдий хүрсэн асуудал ирэх 7 дугаар сарын 1 гэхэд ажил хэрэг болох бөгөөд эхний ээлжинд Дархан сумын 5,6,7,8,15-р багийн, дараагийн ээлжинд 1,2,3-р багийн мал бүхий иргэдийг гаргахаар төлөвлөжээ.

Ингэснээр хотын ногоон байгууламж руу мал орж сүйтгэдэг байдлыг таслан зогсоох, бэлчээргүйгээс хог хаягдлаар хооллосон малын мах, сүүгээр дамжин хүнсний аюулгүй байдалд хор хөнөөл учрах, мал, амьтны гоц халдварт өвчин гарч онц байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зэрэг олон чухал ач холбогдолтой аж. Зөвхөн 2017 оны байдлаар гэхэд хотын ногоон бүсэд мал орсноос 28 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Шинэ оны эхэнд ажлын хэсгийнхэн хурлаа хийж хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу чиглэл бүрдээ ажлаа нарийвчлан зохион байгуулахаар болсон байна.

Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлсэнээр Дархан сумын иргэдийг малын гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын доторх ногоон байгууламж, эд хөрөнгийг хамгаалах, гэр хорооллын бүсэд байгаа мал, туслах аж ахуйг хотын төвөөс гаргах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан байна.

Иймээс мал бүхий иргэдийг тог цахилгаанд холбогдсон, төлөвлөсөн газарт нүүлгэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд иргэдийгээ хамтран ажиллахыг уриалж байгаа юм.
Ажлын хэсгийг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал ахалж гишүүдэд Аймгийн Захирагчийн ажлын албаны дарга, Хонгор сумын Засаг дарга  ХХААГ-ын дарга, МХГ-ын дарга ЦГ-ын дарга ХХҮГ-ын дарга С.Энхболд, Дархан сумын ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн зэрэг холбогдох алба тушаалтнууд  багтжээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ