top banner

Хүчирхийлэлтэй тэмцэх сэдвээр шинэ жүжиг тоглолоо


2018-01-03 13:42:39
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ ХЗДХЯ-наас зарласан хүчирхийллийн эсрэг тэмцэх уралдаанд тэргүүлсэн, МЗЭ-н шагналт зохиолч, яруу найрагч, СТА Д.Жүгдэрбарамын зохиол, жүжигчин Б.Отгонхишигийн найруулсан "Заавал эдлэх хайр" жүжгийг Ховд аймгийн хөгжимт драмын театрын хамт олон тайзнаа тоглолоо.
Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Нэгдүгээрт хүүхэд" аянд нэгдсэн Аймгийн хөгжимт драммын театрын хамт олон, зохиолч Д.Жүгдэрбарам нар "Заавал эдлэх хайр" жүжгээрээ хүчирхийллийн эсрэг тэмцэхэд гэр бүл, хамт олноороо анхаарах нь зүйтэй гэдгийг харуулжээ.
Уг жүжиг бол эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн, энэ талаарх иргэдийн ойлголт, үнэмшлийг баталгаажуулж тэмцэлд нэгтгэх, тухайн сэдвээр танин мэдүүлэхэд зориулагдсан соён гэгээрүүлэгч бүтээл юм.
Эмэгтэйчүүдийн хүчирхийлэл сүүлийн жилүүдэд баян, чинээлэг, эсвэл өрхийн хоёр хүний нэг нь архичин гэр бүлийн дунд нэмэгдсэн бол хүүхдийн хүчирхийлэл салсан эсвэл хойд эцэг, эхтэй гэр бүлд илүүтэй байна. Үүнээс үүдэлтэй ажилгүйдэл, ядуурал ч нэмэгдэж байна. Өөрийн аймгаар жишээ авахад жилд дунджаар 30-40 гэр бүл албан ёсоор салж байна. Ховд аймаг 22,0 мянга гаруй өрхтэйгээс 3,0 мянга шахам нь өрх толгойлсон эхийн, мянга гаруй нь өрх толгойлсон эцгийн өрх байх жишээтэй. Энэ хоёр нийлээд өрхийн 19,0 хувь нь болж байна. Хүн амын 40,0 шахам хувь нь ядуу буюу нэн ядуу байна. 
“Заавал эдлэх хайр” жүжгийн зохиолч Д.Жүгдэрбарам “Би энэ жүжгээ бичихийн тулд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй уулзаж явсан. Тэд элэг эмтрэм, зүрх зүсэм олон зүйл ярьцгаасан, тэдний бодит амьдралаас сэдэвлэн зохиосон тул жүжиг маань хүмүүст хүрч, ХЗДХЯнаас зарласан уралдаанд тэргүүлсэн болов уу гэж бодож байна. Жүжгийн гол баатар эмэгтэй Удвал бага насандаа хүчирхийлэлд өртөж амьдрал нь харанхуйлж, сайн найз нөхдийн дэмээр жаргалтай амьдарх болсон тухай жүжиг юм “ гэж ярилаа.
Жүжигт Ховдын театрын найруулагч, жүжигчин Б.Отгонхишиг тэргүүтэй залуу уран бүтээлчдийн баг тогложээ.
 
                                                                                                                      А.Бямбасүрэн

Монгол брэнд