Шатрын спортоор 4000 гаруй хүүхэд хичээллэж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-01-03 12:39:31
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Оюунлаг спортыг хөгжүүлэх зорилгоор баталсан “Шатар” аймгийн дэд хөтөлбөр 2017 онд амжилттай хэрэгжжээ. Хөтөлбөрийн хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 30 сургууль, 33 цэцэрлэг шатрын булан, анги танхимтай болж, 35 байгууллагын дэргэд шатрын дугуйлан хичээллэн 4250 хүүхдийг хамруулж байна.
Шатрын спортыг аймгийн ИТХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолоор боловсролын бахархал болгон зарласан бол ИТХ-ын 2017 оны 4 сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоолоор “Шатар” аймгийн хөтөлбөрийг баталсан юм. Уг тогтоол, шийдвэрийн хүрээнд 2013-2014 онд нийт 2201 хүүхэд шатрын анхан, дунд, гүнзгий шатны сургалтанд хамрагдаж байсан бол 2014-2015 онд 3655, 2015-2016 онд 7005 болж, шатар сонирхогчдын тоо жил бүр эрчимтэй нэмэгдэж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ