top banner

Хүндийн өргөлтийн улсын шилдгүүд тодорч эхэллээ


2018-01-03 10:38:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ өнөөдөр Спортын төв ордоны "А" зааланд болж шилдгүүдээ тодруулж эхэллээ.

Эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн УАШТ-д 16 багийн 180 гаруй тамирчид хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Хүндийн өргөлтийн спорт нь сүүлийн жилүүдэд манай улсад хурдтай хөгжиж байгаа бөгөөд өсвөр, залуучууд болон насанд хүрэгчдийн ДАШТ-үүдэд амжилттай оролцож байгаа юм. Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий анхны медалийг М.Анхцэцэг хүртсэн билээ.

Уг тэмцээний зорилго нь хүндийн өргөлтийн спортыг сурталчилах, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэх дур сонирхолыг нь өсгөх, шилдэг тамирчдаа алдаршуулах, тив дэлхий болон олимпийн медальтнуудыг бэлтгэн гаргах зорилготой юм.

Тус тэмцээний эхний өдрийн дүнг танилцуулбал, Эмэгтэйчүүдийн 48 кг-д 1. Б.Тунгалаг /Аврагч/ спорт хороо, 2. О.Энхжин /Самбуу сан/, 3. О.Төгс-Эрдэнэ /Аврагч/, 52 кг-д 1. Ч.Нямзул /Аврагч/, 2. О.Алтан-Од /Хилчин/, 3. Г.Наранхүү /Өвөрхангай/, 58 кг-д 1. Г.Баасанжаргал //Алдар/, 2. О.Баярцэцэг /Аврагч/, 3. Э.Эрдэнтуяа /Алдар/, 63 кг-д 1. Г.Ануужин /Аврагч/, 2. Э.Бурмаа /Алдар/, 3. Ц.Минжинсор Алдар/ тус тус шалгарлаа. Харин эрэгтэйчүүдийн 50 кг-д У.Амарбаяр /Алдар/, Б.Лувсандамба /Өвөрхангай/, Төртогтох /Хилчин/, 56 кг-дГ.Өнөболд /Алдар/, О.Дагдансамбуу /Өвөрхангай/, У.Баярхүү /Алдар/, 62 кг-д Г.Жамъяандорж /Хүч/, Ч.Чинхүсэл /Аврагч/, Э.Балжинням /Хүч/  нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Д.Өлзий

Сурталчилгаа
Монгол брэнд