top banner

Шатахуун импортлогчид борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэллээ


2018-01-02 17:38:39
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Шатахуун түгээх станцууд шатахууны борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэллээ.

Тодруулбал өнөө өглөө “Магнай Трейд” ХХК-ийн нийслэл дэх ШТС-ууд борлуулалт хийхгүй байв. Мөн “Тэс петролиум”, “Тод Монгол”, “Магнай трэйд” ХХК-иудын зарим салбар  баярын өдрүүдэд 30 мянга болон 100 мянгаас дээш үнэ бүхий шатахуун борлуулах хязгаарлалт хийснийг иргэд шүүмжилж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд шатахууны нөөц хангалттай байгаа хэдий ч шатахуун импортлогч компаниуд ямар шалтгаанаар хязгаарлалт хийж буйг  ШӨХТГ-аас шалгасан байна. Гэвч шатахуун импортлогчид ямар учраас хязгаарлалт хийж буйгаа тайлбарлаагүй аж. Тиймээс ШӨХТГ-аас хуулийн хүрээнд хязгаарлалт хийх нөхцөл үүссэн үү гэдгийг шалгаж эхэлжээ. Харин Ашигт малтмал газрын тосны газраас  “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөр шатахууны үнийн асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдэгдлээ.

Шатахууны нөөц дууссан гэх шалтгаанаар үнийг нэмэгдүүлэх вий  гэсэн хардлага нийгэмд үүсээд байна.

Тэгвэл  улсын хэмжээнд дунджаар газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн дундаж хэмжээ 104.62 мянган тонн буюу дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгааг албаныхан хэллээ. Үүнээс А-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлш 28 хоногийн нөөцтэй байгаа аж.
Б.Заяа

Монгол брэнд