top banner

2017 он нь иргэний агаарын тээврийн түүхэн дэх "хамгийн аюулгүй жил" байв


2018-01-02 14:45:12
Зураг
АМСТЕРДАМ. /Ройтерс/. 2017 он нь иргэний агаарын тээврийн түүхэн дэх хамгийн “аюулгүй жил” болж өнгөрлөө гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Нидерландын “To70” компани болон “The Aviation Safety Network” цахим хуудсаас явуулсан судалгааны тайланд дурдсанаар, өнгөрөгч онд дэлхийн иргэний агаарын тээврийн компаниуд урьд урьдын жилүүдийнхээс олон нислэг үйлдсэн ч зорчигч тээврийн арилжааны нисэх онгоц осолдсон тохиолдол огт гараагүй байна.

Харин өнгөрсөн онд ачаа тээврийн 10 нисэх онгоц осолдсоны улмаас 79 хүн амиа алджээ. 2017 онд хамгийн олон хүний аминд хүрсэн нисэх онгоцны осол нь нэгдүгээр сард гарсан байна. Тодруулбал, Туркийн ачаа тээврийн нисэх онгоц Киргизстаны нэгэн тосгонд осолдсоноор нисэх багийн дөрвөн гишүүн болон  тус тосгоны 35 оршин суугч амиа алдсан аж.

Тэгвэл 2016 онд дэлхийн хэмжээнд зорчигч тээврийн долоон нисэх онгоц осолдсоны улмаас 271 хүн амиа алдаж байжээ.
Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд