top banner

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэллээ


2018-01-02 12:44:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар өнгөрсөн оны тавдугаар сарт баталсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
 
Манай улсын хүн амын 34.6 хувийг залуучууд эзэлдэг. Тиймээс эх орны ирээдүй болсон залуучуудыг дэмжих, тэдний сурч хөгжих боломж, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг баталсан юм. Тус хууль нийт долоон бүлэг, 25 зүйлтэй бөгөөд төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тодорхойлж, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Тус хуульд залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр дараах зохицуулалтыг тусгажээ.

Тухайлбал, их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах, хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо /100 ба түүнээс дээш ажилтантай компани ажилтныхаа 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргах/ юм. Мөн залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох, МҮОНРТ залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох, тэдний орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд