Д.Трамп: Иранд өөрчлөлт хийх цаг нь болсон

Дэлхийн мэдээ | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-01-02 11:49:30
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан Иран улсын засгийн газрыг дахин шүүмжилжээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп даваа гарагт буюу өчигдөр “Твиттер” хуудастаа “Иран улсын аугаа ард түмэн олон жилийн турш дарлагдаж, дорд үзэгдлээ. Тэд хоол хүнс болоод эрх чөлөөгөөр өлсөж цангаж байна. Тэдний эрх зөрчигдсөөр байна. Ираны эд баялгийг төрийн толгойд байгаа нөхөд тонож байна. Иранд өөрчлөлт хийх цаг нь болсон” гэж бичсэн байна.

Тэрбээр үүний өмнө өнгөрсөн ням гарагт “Иранд эсэргүүцлийн жагсаалыг зогсоохын тулд интернэт, нийгмийн сүлжээнүүдийг хааж байна. Ираны Засгийн газар ард түмнийхээ эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Иранчууд үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй” гэж бичсэн байсан юм.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өсөж, ажилгүй хүмүүсийн тоо олширч байгаатай холбоотойгоор иранчууд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас засгийн газрынхаа эсрэг жагсаал хийж эхэлсэн билээ. Энэ жагсаал нь сүүлээрээ хүчирхийлэл болж хувираад байна. Цагдаа нар болон жагсагчид хоорондын мөргөлдөөний үеэр 14 хүн амиа алдаад байгаа юм. 
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ