top banner

Д.Трампын шинэ оны анхны жиргээ: Пакистан биднийг хуурч мэхлэхээс өөр юугаар ч гийгүүлээгүй


2018-01-02 08:26:11
Зураг
ВАШИНГТОН. /Си-Эн-Эн/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ он гарснаас хойш “Твиттер” хуудастаа бичсэн анхны “жиргээ” нь Пакистаны тухай байлаа.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, Д.Трамп даваа гарагт буюу өчигдөр “Твиттер” хуудастаа “Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Пакистан улс АНУ-ын эрх баригчдыг мунхруулан 33 тэрбум гаруй долларын тусламж авсан байна. Харин Пакистан АНУ-д “хууран мэхлэлт”-ээс өөр юу ч өгөөгүй. Тэд манай улсын удирдагчдыг мунхруулсаар ирсэн. Бидний Афганистанд “ангуучилж буй” террористуудын аюулгүй байдлыг тэд хангасаар ирсэн. Тэд АНУ-ыг өөр юугаар ч гийгүүлээгүй ” гэжээ.

Д.Трамп өнгөрсөн 10 дугаар сард өчигдрийн жиргээнээсээ огт өөр юм бичиж байв. Тодруулбал, тэрбээр “Лалын босогчдын “Талибан” бүлэглэлийн барьцаанд олон жил байсан Америкийн иргэн Кейтлэн Коулменыг нөхрийнх нь хамт суллахад тусламж үзүүлсэн Пакистаны Засгийн газарт талархлаа. Энэ нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж буйн нэгэн тод жишээ юм. Пакистан АНУ-ыг дахин хүндэтгэж эхэлж буй илрэл гэж би ойлгож байна” гэж байсан билээ.

Гэхдээ Афганистан дахь НАТО тэргүүтэй эвслийн командлагч, АНУ-ын армийн генерал Жон Николсон өнгөрөгч оны 11 дүгээр сард мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп Афганистан болон бүс нутагт хэрэгжүүлэх шинэ бодлогоо танилцуулж, террористуудыг устгахад хүчин чармайлт гаргахыг Пакистанд уриалснаас хойш Пакистан террористуудтай тэмцэх гэж хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Надад Пакистаны хандлага өөрчлөгдөж байна гэх юм огт ажиглагдсангүй” гэж байв.

Түүний энэ мэдэгдэл нь Д.Трампыг бодлоо өөрчлөхөд нөлөөлсөн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

“Нью-Йорк Таймс” сонинд өнгөрсөн долоо хоногт гарсан нийтлэлд дурдсанаар, АНУ Пакистанд 255 сая долларын тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө цуцалж магадгүй.

 
Г.Доржханд

Монгол брэнд