АНЭУ-д НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхлэв

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2018-01-01 13:39:49
АБУ-ДАБИ. /Би-Би-Си/. Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс буюу өнөөдрөөс Нэмүү өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэллээ.

"Би-Би-Си" телевизийн мэдээлснээр, тус улс гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээнд 5 хувийн НӨАТ ногдуулж байгаа аж.

АНЭУ нь “татваргүй амьдруулна” гэх амлалтаар гадаадын хөрөнгө оруулагчид болоод иргэдийг татсаар ирсэн билээ. Харин нефтийн үнэ ханш тааруу байгаа учир орлогоо нэмэгдүүлэхийн тулд тус улсын Засгийн газар НӨАТ ногдуулдаг болохоор шийдсэн байна.

Эхний жилдээ НӨАТ-ын орлогоор улсын төсөвт 3.3 тэрбум ам.доллар төвлөрүүлнэ гэж тус улсын холбогдох албаны хүмүүс тооцоолжээ.

НӨАТ-ын тухай хууль орон нутгийн цагаар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.

Бензин түлш, хүнсний бүтээгдэхүүн, хувцас, үйлчилгээний төлбөр зэрэгт НӨАТ ногдуулж байгаа бол эмчилгээний төлбөр, нийтийн тээвэр болон сургуулийн төлбөрийг НӨАТ-аас чөлөөлжээ.

Эдийн засагчдын тооцоолсноор, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр тус улсын иргэдийн амьдралын өртөг 2.5 хувиар нэмэгдэх аж.

Орлогынхоо бараг 80 хувийг нефть импортоос бүрдүүлдэг АНЭУ-д эдийн засгаа солонгоруулахыг, тухайлбал орлогын албан татвар ногдуулдаг болохыг ОУВС тэргүүтэй олон улсын банк санхүүгийн байгууллагууд олон жилийн өмнөөс уриалсаар байжээ.

Гэсэн хэдий ч тус улс бараг бүх оршин суугчийнхаа орлогоос огт татвар авахгүйгээр өнөөг хүрсэн аж.

Персийн булангийн бүс нутгийн бусад улс орон, тухайлбал Бахрейн, Кувейт, Оман, Катар болон Саудын Арави НӨАТ-ын тухай хуулийг 2019 оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна.
 
Г.Доржханд


Холбоотой мэдээ