top banner
Шуурхай мэдээ

Цагаанчулуутын овоон дээрээс шинэ оны анхны нарыг харлаа


2018-01-01 13:13:31
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөлчүүд шинэ оны анхны нарыг ойролцоох өндөр уулан дээр эртлэн гарч хардаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт байдаг Цагаанчулуутын овоон дээрээс шинэ оны анхны нарыг харж хурайлан угтлаа. Тус овоо нь Хотгойдын шадар ван Чингүнжавын эрхий хурууг онголсон гэж үздэг учраас сүүлийн үед аймгийн тахилгатай болгон Хөвсгөлчүүд тахин шүтэн дээдэлдэг болжээ.
Цагаан чулуутын овооны тухай түүхийг сийрүүлбэл:  Цагаанчулуут овоо гол овооноос дөрвөн зүг багавтар дөрөв дөрвөн чулуу овоо босгосон энэ 13 овоог “Цагаан чулуутын овоо” гэж нэрлэдэг. Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, Бээжинд аваачиж цаазлагдахад туг, бүрээг нь албат нар нь авч нандигнан хадгалж онгон шүтээнээ болгон тахиж байжээ. Нэгэн хотгойд өвгөн: Чингүнжавын тугийг барьж хөдлөөд Манж, Хятадуудыг хөөн зайлуулна. Миний бүрээний дууг сонссон Монгол хүн бүрийн хүч тэнхээ нь оргилж, цог хийморь нь бадарч Манж, Хятадын сүр сүлд нь гүдлэн унах болно гэж шадар ван сэрүүн тунгалаг байхдаа айлдсан юм “ гэж нутаг нугынхныгаа тэмцэлд уриалан дууджээ. Хотгойд нутгийнхан Шадар вангийн хурууг, түүний алтан цогцосыг төлөөлүүлэн төрөлх нутагт нь ѐслол төгөлдөр оршуулахыг зорьжээ. Нутгийн зон олон наран ээвэр, үржил шим сайтай алсын бараа ихтэй, хотгойд нутгийн төв, одоогийн Арбулаг сумын төвөөс урагш арваад километрийн зайд Цагаанчулуутын нэгэн бяцхан толгой дээр хүрэн өнгийн хавтгай чулуугаар үелэн өрж, энэ овоог босгожээ. Чингүнжавын отог албат, төрөл төрөгсдийг төлөөлөн нутаг нугын олон хүн цугларч залбирал үйлдээд гүн эмгэнэл илэрхийлж, түүний эрхий хурууг мөнгөн хайрцагт хийж оршуулсан гэдэг домогтой. Овоог эмэгтэй сахиустай учир хүндэтгэл ѐслолд нь эмэгтэй хүн оролцож болдог ганц овоо гэж үздэг ажээ.
Б.Гантуяа 

Монгол брэнд