top banner

Орхон аймгийн 2017 оны онцлох 10 үйл явдал


2017-12-30 09:54:44
Зураг

Орхон /МОНЦАМЭ/ Улиран одож буй 2017 онд Орхон аймагт өрнөсөн бүтээн байгуулалт, үйл явдлыг тоймлон хүргэж байна.                  
           
ӨДӨРТ 10 ТОНН ГАГНУУРЫН ЭЛЕКТРОД ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ



  Аймгийн Засаг даргын санаачилгаар байгуулагдсан “Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн парк гагнуурын үйлдвэр болон Хүний экологийн төвөө нээлээ. Гагнуурын электродын үйлдвэр нь өдөрт 10 тонн электрод үйлдвэрлэх бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монгол Улсын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой юм. Үүнд 3 ажлын байр бий болж, тоног төхөөрөмжийн зардалд 100 сая төгрөг зарцууллаа.
Мөн Хүний Экологийн төв нь хүний хүрээлэн буй орчин, агаар, ус, хөрс, хүнс болон гоо сайханы бүтээгдэхүүн, эм, ахуйн хэрэглээний бараа, материалаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх 22 төрлийн хүнд металл, 5 төрлийн металл бус химийн элементийг тодорхойлох судалгааг хийх юм. Уг төвийг нээхэд орон нутгийн төсвөөс 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
 
     “ЭРДЭНЭТ ХОТЫН ӨДӨР”-ИЙГ АНХ УДАА  ТЭМДЭГЛЭЛЭЭ

 
Аймгийн ИТХ-ын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 11-ийг “Эрдэнэт хотын өдөр” болгосны энэ жил анх удаа тэмдэглэлээ. “Эрдэнэт хотын өдөр” –өөр төрөлх хотоороо бахархах, түүх, соёлоо түгээн дэлгэрүүлэх болон ЕБС-ийн сурагчдад “Эрдэнэт хотын түүх”-ийн хичээл орж үзвэр үйлчилгээ үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр үйлчиллээ.  1975 оны 12-р сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн улсын харьяалалтай хот болгох шийдвэр гарч байсан  түүхтэй юм.   

  ХОЁР СУРГУУЛЬ, НЭГ ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО


2017 онд Даваат багт сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Дэнж багийн 20-р цэцэрлэгийн өргөтгөл, Эрдэнэ багт шинээр сургууль ашиглалтад орлоо. Үүнд нийтдээ улс, орон нутгийн төсвөөс 7.4 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 450, Дэнж багийн 20-р цэцэрлэгийн өргөтгөл нь 150 Эрдэнэ багийн сургууль 640 хүүхдийн багтаамжтай юм. Ингэснээр өөрийн оршин суугаа багтаа сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 1000-аар нэмэгдэж байна.
 
                        НЯРАЙН ЭНДЭГДЭЛ ДӨРӨВ ДАХИН  БУУРЛАА


 
2017 онд Орхон аймагт нярайн эндэгдэл 2016 оныхтой харьцуулахад дөрөв дахин буурчээ. Нярайн эндэгдлийг бууруулахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол орон нутгийн зүгээс дутуу нярайд яаралтай тусламжийн үед хийдэг вакциныг шийдсэнтэй холбоотой юм. Үүнд орон нутгийн төсвөөс 35 сая төгрөг баталж Сурфактант эмчилгээний Куросуриф 20 ширхэг, кофениа цитрат 100 ширхэг вакцин авсан байна. Мөн Нярайн тасагт 24 цагаар ажиллах сувилагчийн цалинг орон нутгаас  шийджээ. Түүнчлэн сүүлийн 10 жилд эхийн эндэгдэл тогтвортой буурч 2016,2017 онд огт гараагүй байна. 
 
        ЭЛЭГНИЙ ХОРТ  ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ  35 ХУВЬД ХҮРЛЭЭ
 
Элэгний шалтгаант өвчлөлийг бууруулах зорилгоор Монгол Улсаас анх удаа Орхон аймаг “Элэгний вирусгүй Эрдэнэт” аян өрнүүллээ. Аяны хүрээнд элэгний хорт хавдрыг эрт үед  нь илрүүлэх  үзүүлэлт 35 хувь болсон нь улсын дунджаас 7 дахин их байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад элэгний хорт хавдар 1,2 дугаар шатандаа илрэх нь 5-10 хувьтай байгаа бол Орхон аймагт 35 хувь байгаа нь олон иргэнийг эмчлэх боломж бүрдэж байна. Аяны үр дүнд 20 мянга гаруй иргэн В, С вирусын илрүүлэг шинжилгээ, сургалтад хамрагдаж үүнээс С вирусын эмчилгээд 1250, В вирусын дархлаажуулалтад 5651 иргэн,  бүрэн эмчлэгдсэн 229 иргэн байна. Мөн “Элэгний В вирусын халдваргүй нярай” төсөл хэрэгжүүлж орон нутгаас 35 сая төгрөг төсөвлөн В вирусын халдвартай эхээс төрж буй нярайг халдвар авахаас сэргийлж иммуноглобулин хэрэглэж  байна.
 
   4000 ИРГЭН АЖИЛТАЙ БОЛЛОО

2017 онд нийт 4000 гаруй ажлын байр бий болсноос 2158 нь байнгын, 1769 нь түр ажлын байр байна. Үүнээс “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд 993 ажлын байр бий болж ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор АИТХ-аар 300 сая төгрөг баталж олон үйл ажиллагаа зохион байгууллаа.

СЭТГЭЛЗҮЙЧДИЙН БАГ СУРГУУЛИУДАД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 


Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгийн санаачилгаар ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх “Сэтгэлийн анир” төсөл энэ оны 9-р сараас хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд 8-12 ангийн 3000 гаруй  сурагчдад сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, 700 орчим хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгчээ. “Сэтгэлийн анир” төслийн баг мэргэжлийн сэтгэл зүйч, гэр бүл судлаачдаас бүрдсэн бөгөөд тэд сургууль бүрт 7-10 хоногийн хугацаатай ажиллаж байна.

     ОРХОН АЙМГИЙН ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГААС 12, ТИВИЙН АВАРГААС 16 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


2017 онд боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс О.Мөнхсайхан хүрэл, Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  Г.Болдбаатар хүрэл медаль, Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  Ч.Марал-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Ахмад настны дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн төрөлд Б.Идэрсайхан хүрэл,  хөнгөн атлетикийн төрөлд багаараа мөнгөн медаль хүртсэн юм. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 7 мөнгө,  2 хүрэл медаль хүртэж Монгол Улс, Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нэрийг тив, дэлхийн дэвжээнд дуурсгалаа.
 
   “НИЙГМИЙН ДЭМЖЛЭГИЙН САН”-Д 90 БАГШ, ЭМЧ ХАМРАГДЛАА
“Эмч”, “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд “Нийгмийн дэмжлэгийн сан” байгуулж 37 багшид нийт 18.5 сая, эрүүл мэндийн салбарын 53 ажилтанд  35 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Үүнд орон нутгийн төсвөөс 60 сая төгрөг зарцуулсан бөгөөд 2018 онд үүнийг 100 сая төгрөг болгож боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаадад туршлага судлах, орон байрны нөхцөл сайжруулахад нь зарцуулах юм.
 
   “ХӨГЖИЛД ХӨТЛӨХ 18” ДЭД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Орхон аймгийн бодлого, шийдвэр бүр ХҮНИЙ ХӨГЖИЛД чиглэгдэж, түүнийг бодит ажил хэрэг болгох  18 дэд хөтөлбөр батлахаас  энэ онд 13-ыг нь батлан хэрэгжүүллээ. Үүнд Багш, эмч, ахмадуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх “Ач санах”, “Эмч”, “Багш” хөтөлбөр, ажлын байрыг нэмэгдүүлэх “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай”, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх “Чөлөөт цагийн талбай”, “Явган зам”, “Хашаандаа Хаус” хөтөлбөр, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад чиглэсэн “Өрхийн тариалалтыг дэмжих”, “Ус” дэд хөтөлбөр, төрийн үйлчилгээний анхан шатны нэгж багийг хөгжүүлэх зорилготой “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр, дотоод, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх  “Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг баталж  амжилттай хэрэгжүүлж байна.
Б.Оюун-Эрдэнэ 
 

Монгол брэнд