“Халуун сэтгэл” аян Орхонтуул суманд өрнөлөө

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-12-29 22:47:07
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өвөлжилт хүндэрсэн Орхонтуул суманд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд “Халуун сэтгэл” аяныг өрнүүллээ.
Тус сумын гурван багт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх ажлыг аймгийн Эрүүл мэндийн салбараас зохион байгуулжээ.
Орхонтуул сум нь газар нутгийн хэмжээгээрээ аймагтаа том сумын тоонд багтдаг. Тосгоны статустай нэг багаа оруулаад нийтдээ гурван багтай юм. Сумын айл өрхийн 50 хувийг малчин өрх эзэлдэг байна. Тиймээс өвөлжилт хүндэрсэн энэ үед салбарын эмч мэргэжилтнүүд тогтсон уламжлалынхаа дагуу “Халуун сэтгэл” аяны энэ өвлийн анхны үзлэгээ Орхонтуул суманд зохион байгуулжээ. Энэхүү шинэ оны босгон дээр өрнүүлсэн халуун сэтгэлийн аяны явуулын үзлэгт тус сумын гурван багийн 500 орчим малчин өрх хамрагдсан байна. Цаг хүндэрсэн ийм үед малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байдаг гэдгийг сумын удирдлагууд онцоллоо. Учир нь малчид өөрийн биеэ гэхээс илүүтэй гадаа байгаа хэдэн малдаа санаа тавих нь илүү байдаг тул явуулын үзлэгт иргэд идэвхтэй хамрагджээ.
Энэ удаагийн явуулын тусламж үйлчилгээний үр дүнд бөөрний өрөвсөлтэй, мөн бөөрний уйланхайтай, цөсний чулуутай, хавдартай гээд олон шинэ тохиолдлуудыг илрүүлэн урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан байна. Мөн ойрын өдрүүдэд амьсгалын замын гаралтай ханиад томууны дэгдэлт элбэг байгаа тул бага насны хүүхдүүдийг ч мөн үзлэгт түлхүү хамруулжээ. Хэдийгээр сум, тосгодын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд малчин айл өрхүүдээр сардаа нэг удаа явуулын үзлэг оношлогоог тогтмол зохион байгуулж ажилладаг ч иргэдийн хувьд хоёр дахь шатлалын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт зайлшгүй хамрагдах шаардлагатай байдаг байна. Тиймээс явуулын үзлэгийн үеэр зайлшгүй харагдах иргэдийн судалгааг гаргаж, үзлэгт хамруулахыг зорьжээ.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд 2017 оны сүүлчийн явуулын үзлэгээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхонтуул суманд амжилттай явууллаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ