top banner

Төрийн дээд одон медаль гардууллаа


2017-12-29 21:44:05
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар өнөөдөр гардуулан өглөө.

“Өргөн Сэлэнгэ” компанийн захирал Доржийн Нэргүй хэмээх хөдөмөрч бүсгүй Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн түүхт ойн энэ өдөр төр улсдаа хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан цол хүртлээ. Шинэхэн гавьяат Д.Нэргүй ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, хамгаалах чиглэлээр 44 жил тасралтгүй ажиллаж, төр улсдаа зүтгэхдээ алдарт “Тужийн нарс”-аа сэргээх их үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулжээ. 
Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Ц.Рэгзэдмаа, Сүхбаатар сумын ахмад настан Ж.Халтар нарын дөрвөн хүнийг, Алтан гадас одонгоор Түшиг сумын ахмад настан Б.Алтанцэцэг, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран сайхны удирдаач Б.Амарсайхан, Сүхбаатар сумын ахмад настан Д.Энхбат, Л.Ичинноров нарын 16 хүнийг, Цэргийн гавьяаны одонгоор аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан Б.Батаа, Хил хамгаалах байгууллагын ахмад ажилтан Н.Батсүх, Мандал сумын ахмад настан Д.Нямдорж нарыг, Цэргийн хүндэт медалиар ШШГА-ны ажилтан П.Өлзийсайхан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Баруунбүрэн сумын ахмад настан С.Баттөр, Сүхбаатар сумын ахмад настан С.Өлзийсүрэн, аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Чимгээ нарын 22 хүнийг тус тус шагналаа. Нийт шагнал хүртсэн хүмүүст аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа баяр хүргэж, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Ч.Отгонцэцэг


Сурталчилгаа
Монгол брэнд