top banner
Шуурхай мэдээ

Баярын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурна


2017-12-29 18:27:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр, 30-нд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, нэгдүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи 30-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна. 
Н.Туяа

Монгол брэнд