Бөхчүүд 24 тэмцээний чансаагаар эрэмбэлэгдэн барилдаж байна

Монголын мэдээ | Спорт
gantuya@montsame.mn
2017-12-29 16:00:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Бөхийн холбооноос хамтран зохион байгуулж буй чансаа өндөр шигшмэл 128 бөхийн барилдаан эхлээд байна. Долоо дахь жилдээ болж буй барилдааныг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Одоогоос 106 жилийн өмнө монголчууд Манж Чин улсаас тусгаарлан салж, Үндэсний эрх чөлөө тусгаарт тогтнолоо сэргээн мандуулснаар хаант төрөө тунхаглаж, өөрийн он тооллыг эхлүүлсэн юм. 1911 оны 12 дугаар сарын 29-ний морин цагт бүх монгол туургатан, овог аймгууд, ястан үндэстнүүд оршин байгаа газар нутгаасаа Нийслэл хүрээний зүг хандан мөргөж, их баяр цэнгэл болж байжээ.

Энэ баярт өдрийг тэмдэглэхийг тоталитар дэглэмийн үед хорьж байсан бөгөөд XXI зуун гарсан хойно л сэргээн тэмдэглэх болсон юм. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын хүрээнд анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан зохиогдох болсон түүхтэй.

Энэ удаагийн цомын тэмцээнд 2017 оны цагаан сараас эхлэн тооцох болсон чансааны үзүүлэлтийг ашиглаж байгаагаараа онцлог болж байна. Бөхчүүд энэ барилдаанд энэ жилийн 24 тэмцээнээс авсан чансаагаараа эрэмбэлэгдэн барилдах юм.

Монголчууд баярлаж цэнгэх үедээ хүчит бөхчүүдийнхээ мэхийг уралдуулан, хүчийг сорин үзэх нэн дуртай. Энэ бол өвгөдөөс уламжлан ирсэн агуу сайхан уламжлал, монгол соёлын нэгэн дархлаа билээ. Хүчит бөхчүүдийн маань мэх уран, хурсан олны сэтгэл тэнүүн байг” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдааныг 2011 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 29-нд буюу монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Хүчит бөхчүүдийг Монгол Улсын Аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар манлайлан барилдаж байна.
Холбоотой мэдээ