top banner
Шуурхай мэдээ

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна


2017-12-29 12:41:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсч, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хотод үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгороор 23-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө хүйтний эрч чангарч  Дархадын хотгороор 20-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус  хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө хүйтэрч Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
 

Монгол брэнд