top banner

Баян-Өлгийн 2017 оны онцлох үйл явдлуудыг тоймлож байна


2017-12-29 11:01:08
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Эрхэм хүндэт уншигч та бүхэнд 2017 онд Баян-Өлгий аймгийн хувьд тохиолдсон хамгийн сонирхолтой, онцлог зарим үйл явдлыг тоймлон эргэн сануулж байна.

1. Б.Серик улсын цол хүртэж, наадамчин олноо баясууллаа


Спортын олон улсын хэмжээний мастер,  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Бердимуратын Серик тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын харцага Т.Баасанхүүгээр тав давж улсын начин цол хүртлээ. Тэрээр Монголын казах иргэдийн дундаас 35 жилийн дараа төрсөн улсын цолтой бөх болсон юм.

2. Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэд байртай боллоо


2016 оны долдугаар сард үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд зориулж Кувейт Улсын буцалтгүй тусламжаар /274835 ам.доллар/ Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 100 хүний багтаамжтай сүм, нэг өрхийн эмнэлэг, 3 гүний худаг, 6 хүний багтаамжтай халуун ус, ариун цэврийн байгууламж, тоглоомын талбай бүхий 35 айлын сууц баригдаж ашиглалтад орлоо.

3. У.Береке Баян-Өлгий аймгийн баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүллээ


Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээ, "СС Монголиа" ХХК-ийн бөх аймгийн арслан Улыхпаны Береке Хүннү гүрэн байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд аймагтаа түрүүллээ. Тэрээр аймгийн наадамд хоёрдахь удаагаа түрүүлж, "хурц" чимэг хүртлээ.

4. Бүргэдчин охин Н.Айшолпан дэлхийн нэр хүндтэй шагналыг хүртлээ


Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг "хүүхэд насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн"-ийнхөө төлөө "The Eagle Huntress" киногоор дэлхийд танигдсан бүргэдчин охин Наргайыпын Айшолпанд хүртээлээ.

5. Х.Цогбаяр хүүхдийн харваанд түрүүлж “Өсөх идэр мэргэн” болов.


Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр баяр наадмын хүүхдийн сурын харваанд Баян-Өлгийн аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” багийн харваач Х.Цогтбаяр 32 сумнаас 30 онож тэргүүн байрыг эзлэн “өсөх идэр мэргэн” цол хүртэв.
 

6. "Бүргэдийн баяр"-ыг хамгийн олон жуулчин ирж сонирхлоо


Монголын Бүргэдчид Холбооноос аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан 18 дахь удаагийн "Бүргэдийн баяр"-ыг дэлхийн 20 орны 1200 гаруй жуулчин сонирхлоо. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт болжээ.  

7. Яруу найрагч Ж.Какейн мэндэлсний 70 насны ойг тэмдэглэн өнгөрүүллээ


Монголын орчин цагийн уран зохиолын нэрт төлөөлөгч, "Яргуй", "Дэлгэр цаг", "Тус нэмэр», "Баяртай, хавар минь", "Яргуй дэлгэрэх цаг" яруу найргийн номуудын зохиогч, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Ж.Какейн мэндэлсний 70 жилийн ойг өнгөрсөн 11 дүгээр сард аймгийн хэмжээнд өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүллээ. 

8. Баян-Өлгий аймаг цусны салбар төвтэй боллоо


Баян-Өлгий аймаг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан цусны салбар төвтэй боллоо. Энэхүү төв нь жилд 120-150 литр цус гаргаж, 6 төрлийн бүтээгдэхүүн хийх бөгөөд баруун бүсэд хийдэггүй цус бүлэгнэлтийн 8 дугаар фокторт нөлөөлөх бүтээгдэхүүнийг ч мөн хийх боломжтой болсон юм.

Ө.Нурболат


Сурталчилгаа
Монгол брэнд