top banner

Москвад зам тээврийн ноцтой осол гарлаа


2017-12-28 11:14:36
Зураг Москва /МОНЦАМЭ/.Москва хотын төвд зам тээврийн томоохон осол гарч  дөрвөн хүн амь үрэгдэж, 11 хүн шархадлаа.
Энэ сарын 25-ны өдрийн 15 цагт Москва хотын Славянский бульвар метроны буудлын явган хүний гарц руу автобус орж осолдсон хэрэг гарав. 
Тодруулбал тус метроны буудлын ойролцоо автобусны буудал дээр зорчигчдоо буулгасан автобус хөдлөхдөө жолоодлогоо алдан явган хүний нүхэн гарц руу оржээ.
Энэхүү явган гарц нь өдрийн цагаар хүн ихтэй байдаг. Аймшигт ослын улмаас гурван том хүн, нэг хүүхэд нийт дөрвөн явган зорчигч амь үрэгдэж, 11 хүн бэртэж эмнэлэгт хүргэгдэв. 
 
Ослын улмаас ЛиАЗ маркийн автобусны жолооч 56 настай Виктор Тихоновд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд, тэр одоогоор сэтгэл санааны хүнд байдалд байна. Тэрбээр анхны мэдүүлэгтээ “Эцсийн зогсоол Славянский бульвар дээр зорчигчдоо буулгаад 15 минутын дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ёстой байсан. Гэвч араас ирсэн нэг автобусанд зам тавьж өгөхөөр хөдөлтөл жолоодлогоо алдсан. Тормоз ажиллаагүй” хэмээжээ. 
Осол гарснаас хэдхэн минутын дараа хэргийн газарт Москва хотын Онцгой байдлын албаны аврагчид болон түргэн тусламж ирж шуурхай арга хэмжээ авав. Одоогоор цагдаа болон мөрдөн байцаагчид хэргийн газарт шалгалт явуулж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
 
Зам тээврийн ноцтой осол гарсны улмаас Москва хотын дарга Сергей Собянин 25-26-нд шилжих шөнө хотын зорчигч тээврийн бүх автобусны техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахыг үүрэг болгов.
Л.Нандиа  
 

Сурталчилгаа
Монгол брэнд