top banner

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хүүхэд багачуудад бэлэг гардуулав


2017-12-27 15:08:44
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийн үүсгэн байгуулсан "Төвшин сэтгэл сан"-гаар дамжуулан Дархан-Уул аймгийн 2000 хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг гардуулав.
Цэцэрлэгт хамрагдах боломжгүй малчин өрхийн болон зорилтот бүлгийн хүүхдүүд, Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сум, Салхит багийн сургуулийн дотуур байр, Дархан сумын 1, 2, 3, Малчин баг, "Энэрэл" цогцолборын сурагчдад бэлгээ  хүргүүлжээ.
Д.Хаянхярваа Шарын гол, Орхон, Хонгор сумдын малчны хотонд зочлон, сургуулиудын дотуур байрны үйл ажиллагаатай танилцах үеэрээ зарим тусламжийг үзүүллээ. Тусгай олимпоос алтан медаль хүртсэн бахархам амжилттай "Энэрэл" цогцолборын тулааны урлагийн баг тамирчдад бэлтгэлийн дэвжээ, Шарын гол суманд шинээр байгуулагдсан номын сангийн номын фондыг баяжуулахад зориулж дөрвөн сая төгрөгийн ном, сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулсан юм. 10 гаруй жилийн хугацаанд "Төвшин сэтгэл сан" уламжлалт олон арга хэмжээ зохион байгуулаад байна.
Тухайлбал Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч, сувилагчдыг алдаршуулах "Арван тавны цагдаа", "Сувилахуйн гэгээн дагина" шагналаар багагүй албан хаагчдыг шагнаж урамшуулжээ. Мөн орон нутагтаа сурч буй оюутан залуусыг зуны улиралд түр ажлын байраар ханган "Номтой нөхөрлөе" аяныг өрнүүлж сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхэд багачуудад гэрээр ном уншуулан аяны хүрээнд давхардсан тоогоор 52 мянган хүүхэд ном уншаад байна.
 
Л.Отгонбаатар

Сурталчилгаа
Монгол брэнд