top banner

Дорноговийн сурагч Ө.Мөнхцэцэг Монгол Улсын оны шилдэг хүүхэд боллоо


2017-12-27 13:29:23
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинацын Монгол Улсын шилдэг хүүхдээр  Айраг сумын ерөнхий боловсролын  сургуулийн 12 а ангийн сурагч Ө. Мөнхцэцэг тодорчээ.
Сурагч Ө.Мөнхцэцэг наймдугаар ангиасаа  эхлэн байгаль хамгаалах  үйлсэд  нэгдэж  “Залуу байгальч” клубын гишүүнээр элсэж уламжлалт байгаль хамгаалах арга туршлагыг олон нийтэд сурталчилж өөрөө бусдыгаа үлгэрлэн манлайлсан аж.
Мөн жил бүрийн хавар мод тарих  өдрийг тохиолдуулан клубын гишүүдтэйгээ хамтарч мод тарих, нүх ухах, хөрс бэлдэх, сургуулийн цэцгийн мандлын хөрсийг нөхөн сэргээж, гоёлын цэцгийн үр суулгаж арчлан хамгаалдаг болжээ.
“Дэлхийн усны өдөр”-өөр клубын сурагчдад “Ус чандмань эрдэнэ “ нэртэй сургалт  зохион байгуулж айл өрх болон иргэдэд бохир ус хийгээд усыг зөв хадгалах, ус хадгалах сав, ус хүний биед ямар үүрэгтэй гэх мэт олон асуулт бүхий гарын авлага бэлтгэж тараасан байна.
Дорноговийн байгалын гайхамшиг болсон “Их нартын хадны аргал” төслын хүрээнд 14 хоног АНУ-ын DENWER хотоос ирсэн америк хүүхдүүдтэй  хамтарч аргалын амьдрах орчин, тас шувууны идэш тэжээл, ургамалжилт, мэрэгчид, шавьжийн судалгаа хийсэн бөгөөд гадаад хүүхдүүдтэй уулзаж санал бодлоо солилцон, туршлага хуримтлуулжээ.
Сургууль хоорондын харилцаа хөтөлбөрийн хүрээнд Абу Дабид болсон "Олон улсын Шувуулахуйн наадам" уралдаанд шонхор шувуу болон шонхорын тухай мэдээлэл, клубын сурагчид шонхор шувууны тухай ямар мэдлэгтэй болох талаар видео бичлэг бэлтгэн оролцсон нь тэргүүн байрт шалгарсан аж.
Улмаар  Монгол Улсаа төлөөлж энэ оны 12 дугаар сарын 02-ноос 10-ны хооронд Абу Дабид болсон “Шувуулахуйн  олон улсын наадам-д амжилттай оролцсон гээд олон амжилтын эзэн болжээ.
Тэрээр дунд сургуулиа төгсөөд байгаль хамгаалах чиглэлээр суралцах хүсэлтэй гэнэ. 
Х.Эрдэнэбулган

Сурталчилгаа
Монгол брэнд