top banner

Умард Солонгосоос Хятадын импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 61 хувиар буурчээ


2017-12-27 07:54:59
Зураг
БЭЭЖИН. /Ройтерс/. Өнгөрсөн сард Умард Солонгосоос импортолсон ашигт малтмал болон бусад бараа бүтээгдэхүүний хэмжээ эрс буурсан гэж Хятад улсын гаалийн албаны хүмүүс мэдэгджээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Пхеньяны эсрэг тогтоолуудыг Бээжин тууштай дагаж мөрдөж байгаагийн илрэл юм.

Хятадын холбогдох албаны хүмүүс мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “Хоёр талын худалдааны хэмжээ өнгөрсөн сард 380 сая ам.доллароор хэмжигдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хувиар буурсан үзүүлэлт” гэжээ. Харин Умард Солонгосоос импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 11 дүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 61 хувиар бууран 100 сая ам.доллароор хэмжигдсэн байна.

Хятад улс сүүлийн гурван сар дараалан Умард Солонгосоос далайн гаралтай бүтээгдэхүүн огт импортлоогүй бол хоёр сар дараалан нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалыг импортлоогүй гэнэ. Умард Солонгосоос эдгээр ашигт малтмал, хүнсний бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ оны наймдугаар сард баталсан билээ.

Тэгвэл Умард Солонгос руу нефть, нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хязгаарлах тухай НҮБ-ын өөр нэгэн тогтоолын хүрээнд тус улс руу Хятад улс хоёр сар дараалан бензин шатахуун экспортлоогүй гэнэ.

Олон улсын хамтын нийгэмлэг шахалт үзүүлж, хориг арга хэмжээ авч байгаа хэдий ч Умард Солонгос хоригоос ямар нэгэн байдлаар зугтсаар байгаа аж.

Хятад-Умард Солонгосын худалдаатай холбоотой хүмүүсийн ярьснаар, умард солонгосчууд далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг завиар болон хуурай замаар Хятад руу хууль бусаар гаргаж байгаа бололтой.

Умард Солонгосын нэг хөлөг онгоц болон аль улсынх нь мэдэгдэхгүй өөр нэгэн хөлөг онгоцны багийнхан “нефть” бололтой барааг шилжүүлэн ачиж байгааг харуулсан зургуудыг АНУ-ын Сангийн яам өнгөрсөн сард дэлгэж байсан юм.

Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд