“Алтайн мэдээ-Бүтээл” цаасан урлалын уралдаанаа дүгнэлээ

Орон нутагт | Говь-Алтай
tsoodol@montsame.mn
2017-12-26 22:44:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 7 хоног тутмын чөлөөт хэвлэл  “Алтайн мэдээ” сонин цаасан урлалын уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж дүнгээ гаргалаа.

 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бүтээлчээр сэтгэх, сэтгэн бодох чадварыг нь дээшлүүлэх, багаар ажиллах чадвар олгох, сониныг зөвхөн уншаад хог хаягдал болгох бус “Тогтвортой хөгжил-2030”-ийн үзэл баримтлалд нийцүүлэн дахин боловсруулж бүтээл болгох зорилготой уг уралдааныг зарласан байна. Энэ нь сурагчдыг аливаа зүйлийг хэмнэх, хог хаягдлыг дахин боловсруулж болдог бөгөөд бүтээл ч болгох боломжтойг тэдэнд уриалах, зөв дадал хэвшилтэй хойч үеэ бэлдэхэд соён гэгээрүүлэх, сайн сайханд уриалах хэвлэл мэдээллийн үндсэн үүргээ хэрэгжүүлж “Алтайн мэдээ” сонин  “Алтайн мэдээ-Бүтээл” цаасан урлалын уралдааныг аймгийнхаа ЕБС болон МСҮТ, АШУҮИС-ийн Лицей сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан ажээ.

Уг бүтээлийн уралдаанд 7 багийн 20 гаруй бүтээлээ ирүүлснээс Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн “Урчууд” баг тэргүүн байр, Чандмань сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Сэтгэмж” баг дэд байрт шалгарчээ. Уг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж сурталчилсан байна.

 

                                                                                                                                    Ш.Цоодол

Холбоотой мэдээ