top banner

Аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгаа хийх боломж бүрдлээ


2017-12-26 19:14:01
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг Дурангийн хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжтөй боллоо. Тус тасгийн хамт олон дурангийн хагалгааны тоног төхөөрөмжтөй болохоор шат шатны шийдвэрлэх байгууллагуудад хүсэлтээ илгээсний дүнд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 300 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг ийнхүү шийдвэрлүүлжээ.

Дурангийн хагалгааны 196 сая төгрөгний тоног төхөөрөмж, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр мэс заслын орчин үеийн зориулалтын гэрэлтүүлэг, 78 сая төгрөгийн өртөг бүхий унтуулгын аппарат, яаралтай түргэн тусламжийн тасагт 46 сая төгрөгийн зөөврийн эхо аппаратууд өнөөдрөөс ийнхүү Мэс заслын тасагт байршлаа.

Мөн аймгийн удирдлагууд тус үйл ажиллагааг дэмжиж, тасгийн тохижилтыг зургаан сая орчим төгрөгөөр хийж өгсөн байна. "Дурангийн хагалгааг орон нутагтаа хийхийн тулд эмч мэргэжилтнийг зайлшгүй сургах шаардлагатай. Үүнийг аймаг орон нутаг тусгайлан анхаарч хагалгааны хоёр эмч, унтуулгын нэг эмч, нэг сувилагчийн зардлыг нь даан солонгос улсад дадлагажуулах сургалтанд хамруулаад байна. Ингэснээр шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил дурангийн хагалгааг мэргэжлийн өндөр түвшинд манай эмч мэргэжилтнүүд хийнэ. Урьд хожид Баянхонгор аймаг хагалгааны багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ийнхүү дэмжиж сургаж байсан удаагүй" хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Баттогтох онцлов.

Баянхонгор аймгийн хэмжээнд жилдээ 80-100 орчим хүн дурангийн хагалгаанд орохоор Улаанбаатар хотыг зорьдог бөгөөд ийнхүү тоног төхөөрөмжтэй болсноор өвчтөнүүд зардал чирэгдэл, цаг хугацаа алдалгүй орон нутагтаа эмчлүүлэх боломжтой болж байна. 

                                                                                                                                  Б.Мөнхзул


Монгол брэнд