Хоршоог гадаадын төсөл хөтөлбөрт хамруулж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2017-12-26 18:02:05
 Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хоршоог хөгжүүлэх, хөдөлмөрөөрөө хорших санал санаачилгыг дэмжих зорилтыг тус аймагт амжилттай хэрэгжүүлж байна. Хоршоодыг зээлийн бодлогоор дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гишүүдийг сургалтанд хамруулах, бүтээгдэхүүнийг борлуулах, зуучлах үйлчилгээ үзүүлж, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гадаадын төсөл хөтөлбөрт хамруулж байгаа юм.

Энэ онд Австралийн Элчин сайдын яамны 36 сая төгрөгийн санхүүжилтээр арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахад зориулж “Арвин шунхлай” хоршоог, Канад сангийн 27 сая төгрөгийн санхүүжилтээр хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд “Нартын гүнд” хоршоог, Шинэ Зеланд улсын Бээжин дахь ЭСЯ-ны 20 сая төгрөгийн санхүүжилтээр төмс, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрийн төсөлд Төгрөг сумын “Мазан далан булаг” хоршоог тус тус дэмжээд байна.
2017 онд Сум хөгжүүлэх сангаас таван хоршоонд 54 сая төгрөгийн хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлжээ. Дашрамд дурдахад 2017 оны эхний хагас жилийн байдлаар 5900 орчим гишүүн бүхий анхан шатны 182 хоршоо, хадгаламж зээлийн 7 хоршоо үйл ажиллагаа явуулж байна.
 Б.Батчимэг
 
Холбоотой мэдээ