Монголын хүүхдийн ордонд Харшийн сүлд модны наадам эхэллээ

Монголын мэдээ | Соёл урлаг
ulzii@montsame.mn
2017-12-26 17:10:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын хүүхдийн ордонд Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” боллоо.

Энэхүү харшийн сүлд наадмыг 1958 онд анх санаачлан жил бүр зохион байгуулснаар өдгөө 59  дэх жилтэйгээ золгож байна. “Харшийн сүлд модны наадам”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон бусад албаныхан хүрэлцэн ирж хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэн, гарын бэлэг өглөө.

Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бид бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айлчлан ирж байна. Сурлага хөдөлмөр, авьяас билгийн арвин олзтойгоор багачууд та бүхэн “Харшийн сүлд модны наадам”-аа зорин ирсэн гэдэгт миний бие итгэлтэй байна. Энэхүү наадмыг жил бүр зохион байгуулдаг учраас хүүхэд бүрийн хамгийн хайртай хүсэн хүлээдэг баярын нэг болсон байх. 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд нийтдээ 250 мянга орчим суралцагч, төрийн ба төрийн бус өмчийн 670 цэцэрлэгт 113 мянга гаруй хүүхэд хамрагдан сурч, хүмүүжиж байна. 2017 онд нийслэлийн төрийн өмчийн 13 цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор орны тоо 10 мянгаар нэмэгдсэн. Мөн ногоон бүсийн зуслан 20, асрамж үйлчилгээний 42 төв үйл ажиллагаагаа явуулж хүүхэд та бүхэнд үйлчилж байна. Хүүхэд бүр гэр бүлийнхэнтэйгээ амар тайван амьдарч, эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлж, авьяас чадвараа хөгжүүлэх бүрэн боломжийг бүрдүүлэхийн төлөө бид бүхэн ажиллах болно. Монголын дэлхийд дурсагдах алдар нэр нь ард түмний түүх, соёл, зан заншилтай нягт уялдаатай. Тиймээс өнөөдрийн хүүхэд багачууд маргаашийн иргэдээс бүх зүйл шалтгаална. Ахмад үеэ хүндэтгэн дээдэлж, үндэсний өв уламжлал, ёс заншлаа уламжлан үлдэж, эх оронч нийслэлийн бүтээлч иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөе. Хуучин оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж буй хүүхэд багачууддаа шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж байна” хэмээлээ.

“Харшийн сүлд модны наадам”-д Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн болон хөгжмийн дугуйлангийн хүүхдүүд оролцож урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилуулдаг уламжлалтай. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн,цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг билээ. "Харшийн сүлд модны наадам" МХО-д 2017 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал өдөр бүр болох юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ