top banner

Хилчдэд 200 гаруй унааны морь хандивлажээ


2017-12-26 15:52:33
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн хурал болж хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн гишүүдэд отрядын хариуцсан хэсгийн хил хамгаалалтын талаар товч мэдээлэл хүргэн, энэ онд хийсэн ажлыг дүгнэн, ирэх  оны ажлын төлөвлөгөөг баталгаажуулж, аймгийн Засаг даргын захирамжаар зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлав. Энэ үеэр хилчдийн уналгын морьдыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн орон нутгийн ард иргэдийн дунд өрнүүлсэн “Нэг мянгат, нэг агт” аяныг  сумдад үргэлжлүүлэн зохион байгуулж, ард иргэдээс хил хамгаалалтад  200 гаруй адууг хандивласан гэдгийг онцолж байв.
Цаашид аймгийн байгууллагууд, хилийн заставууд хооронд шифийн холбоог сэргээн, хилчдийн үүрэг гүйцэтгэх нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хилийн 1-5 дугаар заставын хэсэгт гар утасны дахин дамжуулах антен суурилуулуулах, хилчдийн ар гэрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулж, өрхийн орлогийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллах гэнэ. Мөн аймгийн төвд Цэргийн нэгдсэн сургалтын хотхон шинээр байгуулж, төхөөрөмжилөх, сургуулийн насны сурагчдад эх оронч, хилч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Цагаан-Уул, Баянзүрх, Цагаан-Нуур, Ханх, Ренчилхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдын ерөнхий боловсролын сургуулиудад Хилчин танхим байгуулах, отрядын хариуцсан хэсгийн хүрэхэд хүндрэлтэй газар оронд ашиглах зорилгоор цасны моторт чарга, дөрвөн дугуйт мотоциклийг Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлөөс хангах, Ханх автозамын шалган нэвтрүүлэх боомтын хаалгыг засварлах тооцоо, судалгаа гарган, шинэчилэх зэрэг нийт 25 төрлийн ажлыг ирэх онд хийж гүйцэтгэхээр төлөвлөн, хэлэлцэж  шийдвэрлэлээ. 

Б.Гантуяа
 
 

Сурталчилгаа
Монгол брэнд