top banner
Шуурхай мэдээ

Г.Гонгоржав: Байгаль эх өөрөө зурж, бичиж, хүүрнэдэг


2017-12-26 13:20:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын СГЗ, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржавын чулуу бичдэг, зурдаг гэдгийг харуулах “Чулууны хээ-2 буюу чулуу бичиж байна” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг нээж СГЗ Г.Мэнд-Ооёо хэлэхдээ “Байгаль өөрөө аугаа их туурвин бүтээгч юм. Аугаа мастерууд байгалиас суралцдаг, байгалийг нээдэг. “Мастеруудаас суралцсанаас байгалиас суралцсан нь дээр” гэсэн үг бий. Эх нутгийнхаа газар шороо, уул устайгаа шүтэн барилддаг монголчуудын оюун санаанд энэ үзэсгэлэн эх орноо хайрлах, бахархах, ширхэг чулууг ч аугаа үнэтэй гайхамшиг гэж олж харах, танин мэдэхүйд үнэтэй хувь нэмэр оруулах болно” гэв.

Тус үзэсгэлэнд хорвоод хосгүй босоо монгол бичиг, Эзэн Чингисийн хасбуу нэрт тамгын анхны төгс зурлага эх нутгийн газар шороо, эрдэс чулуулагт үүцлэгдэн галавыг элээж, өнөө бидний үеийг хүртэл өвлөгдөж ирснийг харуулснаараа онцлогтой. Хүн төрөлхтөн нэг ч цэг хатгаагүй, дусал ч будаг түрхээгүй атал байгаль эх өөрөө чулуугаар зурж, хээлж, бичиж, хүүрнэх аж. Үүнийг бэлхнээ гэрчилж чадах, байгалийн оюун санаа, санах ой, гоо сайхны илэрхийллийн бодит жишээ болсон эл үзэсгэлэнд нэрт эрдэмтний хагас зуун жилд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист зорчиж, судалсан ховор сонин цуглуулгаа дэлгэжээ.



Тухайлбал, кирилл бичгийн цагаан толгойн 35 үсгээс эхлээд латин үсгийн цагаан толгойн үсэг, Монгол орны говь, хангайн байгаль, ан амьтан, араатан жигүүртэн, нүүдэлчдийн язгуур шүтээний бэлгэдэл болсон хас тэмдэг дүрсүүд, эх үрс, хүмүүний нэгэн цагийн төрх байдал чулуун дээр бодит тусгалаа олсноор барахгүй харийн соёл иргэншил, сансраас ирсэн өгөгдөлтэй холбон тайлбарлаж болох эх болсон байгалийн бүтээлүүд ч байгаа юм. Мөн армян, руни, еврей, хүннү, согд, уйгар, араб, түрэг, хятад зэрэг үсэг бичгийн зурлагатай яв цав нийцэх 30 гаруй дүрс, 3D орон зайд байгаль өөрөө урлаж зурж чадсан гайхамшгийн дээжис багтсан нь үзэгчдийн сонирхлыг эрхгүй татаж байв.



Өдгөө 80 насыг зооглож буй Г.Гонгоржав амьдралынхаа 50 гаруй жилийг эрдэс судлал, тэр тусмаа чулуу судлалд зориулсан аж. Тэрбээр хэлэхдээ, “Чулууг амьтай гэж ард түмэн ярьдаг. Чулууны цаана утга соёл, уран сайхан зураг, бичиг нуугдаж байдаг. Энэ бүхэн миний сонирхлыг татаж 50 гаруй жил цуглуулж байна. Эзэн Чингис хааны хасбуу тамганы анхны зурлага нь эх орныхоо газар шороонд оршиж буй. Нарийн ярьвал чулуу олон эрдэмтэй. Хүнийг эмчилж чадна, сайхан дуу гаргана. Чулуу амттай, зөгнөлтэй. Чулуунаас үсэг бичиг тодорч эшийг үзүүлсэн тухай судар номууд бий. Өсвөр залуу үеийнхэнд өвөг дээдсийнхээ өсч төрсөн нутаг усны эрдэнэс баялгийн сан нөөцөд ямагт элгэмсэг, ажигч гярхай, энэрэл хайрын сэтгэлээр хандах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор эрдэс чулуулгийн гайхамшигт ертөнцийн гоо сайхныг мэдрүүлэх зорилгор энэ үзэсгэлэнг толилуулж байна” гэв.

Тэрбээр “Монголчуудын чулуун өв соёл”, “Монголчуудын модон өв соёл”, “Монголчуудын идээ ундааны өв соёл” тэргүүт олон арван шилдэг ном зохиол бичиж, туурвисан юм. Мөн “Монголчуудын чулуун өв соёл” нэртэй цуврал үзэсгэлэнгээ Байгалийн түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монголын Уран зургийн галерей, Монголын Үндэсний музейд тус тус дэлгэж, үзэгчдийн хүртээл болгож байв. Энэ удаагийн үзэсгэлэнг "Монгол сувдан сондор" хөтөлбөрөөс зохион байгуулж, Монголын Үндэсний музей хамтран ажиллаж байна. Үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 8-ныг дуустал олны хүртээл болно.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд