top banner
Шуурхай мэдээ

“Чулуу бичиж байна” үзэсгэлэн нээгдлээ


2017-12-26 13:09:46

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржавын “Чулууны хээ-2 буюу чулуу бичиж байна” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Монголын үндэсний музейд дэлгэгдсэн энэхүү үзэсгэлэнд нэрт эрдэмтний хагас зуун жилд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист зорчиж, судалж, цуглуулсан ховор сонин чулуунууд дэлгэгджээ. Тухайлбал кирилл бичгийн цагаан толгойн 35 үсгээс эхлээд латин үсгийн цагаан толгойн бүх үсэг, Монгол орны говь, хангайн байгаль, ан амьтан араатан жигүүртэн, нүүдэлчдийн язгуур шүтээний бэлгэдэл болсон хас тэмдэг дүрсүүд, эх үрс, хүмүүний нэгэн цагийн төрх байдал чулуун дээр бодит тусгалаа олсноор барахгүй харийн соёл иргэншил, сансраас ирсэн өгөгдөлтэй холбон тайлбарлаж болохоор эх болсон байгалийн бүтээлүүд ч байгаа юм.

Мөн "Чулууны хээ-2" үзэсгэлэнд толилуулсан үзмэрүүдийн дунд армян, руни, еврей, хүннү, согд, уйгар, араб, түрэг, хятад зэрэг үсэг бичгийн зурлагатай яв цав нийцэх 30 гаруй дүрс, 3D орон зайд байгаль өөрөө урлаж зурж чадсан гайхамшгийн дээжис ч багтжээ.

Энэ удаагийн "Чулууны хээ-2" үзэсгэлэнг "Монгол сувдан сондор" хөтөлбөрөөс зохион байгуулж, Монголын Үндэсний музей хамтран ажиллаж байна. Үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 8-ныг дуустал Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх юм.


Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд